Бидний итгэл үнэмшил, сүсэг бишрэлийн маш том орон зайг эзэлдэг, эзэлсээр ч буй шашин шүтлэг өнөөдөр жинхэнэ утгаараа үйлчилж чадаж байна уу гэх асуулт өөрийн эрхгүй эргэлзээ төрүүлсээр байна. Энэ эргэлзээ дан ганц шашинт үзлийг үгүйсгэгчдийн дунд бус, шашин шүтэгчдэд ч үүсээд байгааг олны шүүмжлэлээс харж болмоор. Энэ сэдэв рүү орохоос өмнө Монголын шашны өнөөгийн нөхцөл байдлын талаар товчхон дурдъя.

“Монголчуудын шашинд хандах хандлага харилцан адилгүй бөгөөд хамгийн сүүлд хийгдсэн 2012 оны судалгаагаар судалгаагаар нийт хүн амын 60-аас дээш хувь нь ямар нэгэн шашин шүтдэг” гэж МУИС-ийн философи, шашин судлалын сургуулийн багш доктор С.Янжинсүрэн хэлсэн юм.

Энэ нь ерөнхийдөө Бөө мөргөл, Христ, Ислам, Лал, Будда, мөн шашны шинэ урсгалууд гэсэн зургаан хэсэгт хуваагдаж байгаагаас шашин шүтэгчдийн 86 хувь нь Буддын шашин шүтлэгтэй байна. Харин сүүлийн үед шашин шүтэгчдийн тоо харьцангуй буурч байгаа нь зарим нэг түүвэр, жижиг судалгаанаас ажиглагдах болжээ. Үүний шалтгааныг олон нийтийн боловсролын түвшин, шинжлэх ухааны хөгжил зэрэг хэдэн хүчин зүйлээр тайлбарладаг ч, дээр дурдсан шашны үзэл номлол алдагдаж, систем нь гажуудсантай ч холбож болно.

“Сохор мөргөлчид” буюу мухар сүсэг

“Монголчуудын нэг онцлог нь зөвхөн зовсон үедээ сүм хийдэд очдог. Ингэхдээ шашнаас зөвхөн авах гэж очдог” хэмээн С.Янжинсүрэнгийн хэлсэн тун чиг голтой. Үүнээс үүдэн лам гэхээр л далдыг хардаг, бараг шид үзүүлдэг хүн, хийд гэхээр л аливаад арга чарга хийдэг үйлчилгээний байгууллага гэх догматик ойлголт бий болж, нэг ёсондоо сүм хийд хүмүүсийн зовлон дээр амьдардаг газар болон хувирчээ.

Өвдсөн зовсон, эрүүл мэнд, эд хөрөнгө бурхантай наймаалцах гэсэн хүмүүсийн “сохор горьдлого” өнөөгийн шашны байгууллагуудыг өөгшүүлж нэг ёсондоо бизнесийн байгууллага мэт болж, зарим уншлага номдоо тариф хүртэл тогтоосон байна.

Зураг: Horseback Mongolia

Ганцхан жишээ дурдахад сар шинийн өдрүүд лам хувраг, сүм хийдүүдийн хувьд ёстой л “хоёр ням” давхацсан өдөр шиг байлаа. Төв гандангийн дэргэд байх сүм хийдүүдийн засал номын үнийн тариф 1000-20 мянган төгрөгийн хооронд байдаг бөгөөд тухайн жилийнхээ засал номыг шинийн 15-нд багтан хийлгэдэг уламжлалтай. Хэрэв заслаа хийлгэхгүй бол “тэр жилдээ гай барцад, муу зүйл тохионо” гэх мухар сүсгээс үүдэн энэ өдрүүдэд Гандан Солонгосын элчин шиг оочёртой байлаа.

Гэвч үнэндээ засал ном хийлгүйгээс үүдэн гай барцад тохионо гэх үзэл бурхны шашны аль ч сургаал номд байхгүй байна. Энэ мэт сүсэгтнүүдийн итгэл үнэмшилд дөрөөлөн ашиг олох гэсэн мухар сүсгийн зан үйлүүд олон. Үүнийг зарим нэг нь овжин ашиглаж гэгээнтнээс наагуур тахин шүтэгдэж, энэ тэнд лекц унших, мөнгө дуудах зэргээр тодрон гарч ирсэн нь бий. Шинийн хоёрны саранд түрийвчээ далладаг, олноороо мөнгө дуудах лекцэнд суух шашинжсан мода саяхныг хүртэл дэлгээрээд байсан юм.

“Буддагийн сургаал, номлолыг анхдагч цэвэр ариун утга нь угтаа бол хамгийн их шинжлэх ухаанжсан, бие, сэтгэл, үг үйлдлээ зориулж, нүгэл үл үйлдэхийг ямагт хичээж явахын зохистойг хүмүүн төрөлхтөнд сургамжилсан үзэл сургаал. Гэвч үүнийг шашинжуулах бусармаг үйлс 2500 орчим жил үргэлжилж, эцэстээ мухар сүсгийг төрүүлэх, хүмүүний сүсэглэх, бишрэх сэтгэлийг ашиглан өргөл, барьц авах залилан, луйвар болж төрөл арилжжээ” хэмээн Түүхийн философич, судлаач, профессор Д.Чулуунжав нэгэн нийтлэлдээ бичжээ.

Угтаа бол сүм хийдэд зовсон хүмүүс биш жаргасан хүмүүс ирж байвал энэ нь зөв хэмээн Эрдэнэ Зуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн нэгэн ярилцлагадаа дурдсаныг ч энэ сийрүүлье. Өөрөөр хэлбэл ямар ч шашны үзэл суртал, мөн чанар нь маш товчхондоо хүний итгэл үнэмшилд тулгуурлан гэгээрлийн замаар хөтлөх буюу сайн сайханд дадуулах, цаашлаад хүний гэгээрүүлэх зорилго агуулдаг. Үүнээс үзэхэд сүм хийд гэдэг бурхны үзэл номлолын сургууль, лам, хувраг гэдэг олныг түүнд хөтлөх багш нь байх учиртай.

Гэвч манай сүм хийдүүд энэ үүргээ хэр биелүүлж байгааг олны мухар сүсэг бэлхнээ харуулж байна. Монголчуудын 60 гаруй хувь нь бурхны шашинтай ч ёс зүй нь ямар хэмжээнд байна вэ? гэх ганцхан асуултаар л үүнийг хөмөрч болмоор.

Сүм хийд, лам хуврагууд олны итгэл үнэмшилд тулгуурлан ашиг олдог, ном унших тариф хүртэл тогтоосон ч татвар төлдөггүй, хатуухнаар хэлэхэд сүсэгтнүүдээсээ авдаг ч тэдэн рүү чиглэсэн соён гэгээрүүлэх ажил, сайн үйлсийн аян зэрэг чихэнд чимэгтэй сайхан мэдээ дуулддаггүй гэх шүүмжлэлүүдийг энд дурдаж болно.

Нэг ёсондоо шашны байгууллага, шашин шүтэгч хоёрын харилцаа мухар сүсгийн тогооноос хальж чадахгүй байсаар Сэрэлт киноны лам ах, өвгөн хоёрын дүр шиг болчихоод байна. Эцэст нь хэлэхэд шашин бол мухар сүсэг биш, мухар сүсгээр шашныг хөгжүүлэхгүй гэж дээрхийн гэгээнтэн Далай лам нэгэнтээ айлджээ.

Зураг: davidMbyrne