УИХ-ын чуулганы хуралдаан 58.7 хувийн ирцтэйгээр үргэлжилж, Д.Оюунхорол нарын есөн гишүүний өргөн барьсан Бурхан багшийн их дүйчин өдрөөр бүх нийтээр амрах хуулийн төслийг 59.1 хувийн саналаар баталлаа.

Ингэснээр зуны тэргүүн сарын 15-нд бүх нийтээр амрахаар болж байна. Хууль санаачлагчид энэ өдөр хүмүүс буян, нүглээ дэнсэлж, архи уухгүй, гэр бүлийн хүчирхийлэл хийхгүй тэвчинэ гэж мэдэгдсэн юм. 

Харин УИХ-ын зарим гишүүд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж буй христ, мусульман, бөө зэрэг бусад шашинтай хүмүүсийг ялгаварласан хуулийн төсөл гэжээ. 

Манай улсад 364 сүм, хийд үйл ажиллагаа явуулж байгаагийн 134 буддын шашных байна. Мөн нийт хүн амын 38.6 хувь нь шашингүй, гурван хувь нь мусульман, 2.9 хувь нь бөө, 2.1 хувь нь христийн шашинтай байгаа юм.