Индонезийн Бажуган тосгоны ойролцоох агуйд хоригдож байсан 28 настай Х гэх эмэгтэйг өнгөрсөн Ням гарагт орон нутгийн цагдаа нар суллажээ.

Цагдаа нар тосгоны 83 настай Жаго гэх эрийг байцааж байх үеэр бүсгүйн талаар олж мэдсэн байна.

Жаго гэгч нь анагаах увидастай гэдгээрээ алдартай бөө гэнэ. Улмаар бүсгүйн гэр бүлийнхэн 2003 онд түүнийг 13 настай байхад нь Жагод үзүүлэхээр авч очсон байна. Харин Жаго охины биед чөтгөр шүглэсэн байна гээд түүний өөрт нь орхиод явахыг зөвлөсөн бөгөөд удалгүй охин ор сураггүй болжээ. Харин Жаго охиныг Жакарта руу ажил хийхээр явсан гэж гэрийнхэнд нь хэлсэн байна.

Хэрэгтэн охиныг 15 жилийн турш хүчирхийлсэн бөгөөд үүнийгээ ад зэтгэрийг зайлуулах зан үйл гэж охинд итгүүлсэн гэдгээ мэдүүлэгтээ хүлээсэн байна.  Мөн тэрээр бэлгийн харьцаанд орохдоо охинд Армин гэх эрийн зургийг үзүүлэн өөрийнх нь бие дотор байдаг бэрд гэж тайлбарладаг байжээ.

Нутгийн оршин суугч Сугений хэлснээр хохирогч охин бөөгийн биед байдаг бэрднээс эмээгээд зугтаж чаддаггүй байсан гэнэ.

Энэ талаар Үндэсний эмэгтэйчүүдийн хүчирхийлэлийн эсрэг хорооны төлөөлөгч Магдалена Ситорус, “Хохирогч эмэгтэй 15 жилийн турш хоригдсон учир эмнэлэгт хэвтэж бие махбодь болон сэтгэлзүйн шинжилгээ хийлгэх шаардлагатай. Хэрэгтэн тосгондоо нэртэй бөө учир өөр хохирогчид ч байж магадгүй” гэв.

Индонезийн Хүүхэд хамгаалалын хуулийн дагуу насанд хүрээгүй хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн зүйл ангиар хэрэгтэнд 15 жилийн хорих ял оноосон байна.

Эх сурвалж: CNN, BBC