Дорноговь аймгийн Замын-үүд суманд байгуулагдсан Бүс нутгийн Логистикийн төвийг Ерөнхий сайд, ЗТХЯ-ны сайд зэрэг албаны хүмүүс ашиглалтад хүлээн авлаа.

Энэхүү төв ашиглалтад орсноор манай улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлтийн эргэлт нэмэгдэж, үр ашиг дээшлэн, царигийн ялгаатай төмөр замтай хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, холимог тээврийн системийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Мөн Хятад, Монгол, Орос хоорондын эдийн засгийн коридорын хөгжил, арилжаа худалдааны эргэлт сайжрахын үндэс болох гэнэ.

Бүс нутгийн Логистикийн төвийг Азийн хөгжлийн банк болон Засгийн газрын санхүүжилтээр барьсан юм. Тодруулбал, АХБ-аас 45 сая долларын хөнгөлөлттэй зээл авснаас таван сая долларыг буцалтгүй тусламжаар олгожээ.

Уг төв нь 128 га талбайг хамрах бөгөөд чингэлгийн, хүнд даацын, агуулахын гэсэн 3 бүстэй юм. Үүнд  50 тн даацтай хоёр гүүрэн кран, механизмын засварын төв, өргөн болон нарийн царигийн ачилт буулгалтын 11.6 км төмөр зам, 1.6 км авто зам багтаж байна.