Монгол түмний их баяр цэнгэл болсон эрийн гурван наадмыг эрхий мэргэнээ сорин тэмцэлддэг сурын харваагаар эхлүүлдэг уламжлалтай. Сурын харваа нь өвөг харваа хэмээх Урианхай сураар эхэлж Буриад харваа, хүүхдийн харваагаар үргэлжилж Халх сур харваагаар өндөрлөдөг.

Энэ дундаас хамгийн их сонирхол татдаг басхүү ширүүн өрсөлдөөн өрнөдөг харваа нь хүүхдийн сур харвааны төрөл юм. Энэ жилийн хүүхдийн харваанд 21 аймаг, есөн дүүргээс нийт 167 хүүхэд оролцсон байна. Харваачид найм хүртэлх буюу балчир нас, 9-11 нас, 12-14 нас, 15-17 нас гэсэн ангиллаар цэц мэргэнээ сорьсон юм.

Төв цэнгэлдэхийн сурын талбайд халуун нар, эвэр нумдаа түүртсэн шинжгүй хэвлүүхэн бор охид, хөвгүүд сум тавьцгаана. Үндэсний дээл хувцсаараа гангарч, сурын спортоос хатуужил, тэсвэр тэвчээр, хүмүүжил олж авч, өөрийгөө дийлэн зогсоо эдгээр хүүхдүүдийг харахад бахархал төрнө.

Талбайд дөрвөн насны ангилалд харваачид хэсэг хэсгээрээ хуваарилагдан өрсөлдөж байх бөгөөд өөртэйгөө чацуу нум эвшээлгэн зогсоо балчирхан жаалууд өөрийн эрхгүй анхаарал татлаа. Балчир насанд хамгийн багадаа гурван настай хүүхдүүд цэц мэргэнээ шалгаж байв. 

Нум татах, тогтоох, хасаагаа онилох гээд харвах техникийг аль хэдийн том хүн шиг эзэмшсэн нэгэн хүү харвааныхаа сүүлийн гурван сумыг байдаа тусгачхаад “оночихлоо” гээд магтуулах гэсэн харцаар ээж рүүгээ харах нь нүдэнд туслаа. 

Энэ хүүг Г.Бат-Оргил гэдэг, энэ жил таван настай. Анх ой зургаан сартайдаа нум татаж үзэж, хоёр настайгаасаа харваагаар хичээллэж эхэлжээ. Хүүгийн багш нь түүний өвөө сурын харвааны спортын мастер н.Жамбалдорж юм. Өвөө хүү хоёрын тэмцээн давхацсан учир энэ удаад ээж нь түүнийг дасгалжуулж байгаа нь энэ. 

“Харвах гоё байдаг, онохоороо медаль авдаг” хэмээн сэтгэгдлээ хуваалцах хэвлүүхэн энэ хүү өмнө жил балчир насанд түрүүлж байжээ. Харин энэ жил 20 сум тавьж 11 оносноор гуравдугаар байрт шалгарсан байна. Түүний насны ангилалд Орхон аймгийн Хангарьд спорт клубийн тамирчин М.Ирмүүнтөгс хүү 13 оноогоор тэргүүлжээ.

Жил ирэх тусам сур харваагаар хичээллэх хүүхдүүд нэмэгдэж байгааг зохион байгуулагчид онцолж байлаа. Түүнчлэн энэ жилээс эхлэн өсвөрийн харваачдын нум суманд тавьдаг байсан хязгаарлалтыг чөлөөлснөөр хүүхдүүдийн оролцох тоо нэмэгдсэн гэдгийг Үндэсний сурын холбооны комиссын гишүүн У.Сосорбарам хэлсэн юм.

Үндэсний сурын холбооны комиссын гишүүн У.Сосорбарам, Зураг: Өдрийн Тойм

Ингэснээр өсвөрийн харваачид заавал эвэр нумаар бус бэлтгэлийн үед харвадаг сургалтын нумаар цол зэрэг олгодог улсын чанартай тэмцээнд оролцож боломжтой болжээ.

Хүүхдийн насны ангилал дээшлэх тусам өрсөлдөөн улам бүр ширүүснэ. Тэр тусмаа 15-17 насны ангилалд түрүүлсэн хүүхдэд Идэр мэргэн цол олгодог учир тэдний харвах техник тун чиг нямбай харагдана. Өсвөр насныхны тэмцээн ид өрнөж байсан учир тэдний анхаарлыг өөр зүйлд сарниулахгүй байх үүднээс сурвалжлахаас татгалзсан юм.

“Ахаа манай дүүгээс ярилцлага аваач тавд орсон” хэмээн шагналт байрт шалгарсан дүүгээ хөтөлсөөр ирэх хоёр жаал ч мөн балчир насны ангилалд оролцжээ. Д.Булган-Эрдэнэ хүү харваагаар хичээллээд удаагүй байгаа ч ахтайгаа хамт балчир насанд оролцож тавдугаар байрт шалгарсан байна. 

“Ах маань нэг ч оноогүй. Өөрөө шагнал авч чадахгүй бол миний бэлгийг хувааж иднэ гэсэн” хэмээн ах дүү хоёр нууцхан тохиролцоогоо дэлгэх нь тэр. Харин түүний ах хараахан байранд орж чадаагүй ч дүүгийнхээ шагналыг хуваалцахаар тохирсон гээд баяр хөөртэй гэж жигтэйхэн. Тэд бол эмээгийнхээ гарын шавь нар.

Мөн өсвөр нас буюу 14-16 насны ангилалд оролцсон Ц.Бурмаа охин бидэнтэй өөрийн сэтгэгдлээ хуваалцахыг зөвшөөрсөн юм. Тэрээр энэ жил 14 настай нийслэлийн 13-р сургуулийн есдүгээр ангид сурдаг. Тэрээр сураар хичээллээд сар гаруй болж байгаа ч ийнхүү анхныхаа тэмцээнд оролцож байгаа юм.

Харваач Ц.Бурмаа, Зураг: Өдрийн Тойм

Ц.Бурмаа охины аав, ээж нь хоёулаа харвадаг учир энэхүү спортоор хичээллэх сонирхолтой болжээ. Тухайлбал түүний ээжийг Б.Норжмаа гэх бөгөөд өнгөрсөн жилийн наадамд түрүүлж улсын даян мэргэн цол хүртжээ. 

Нар салхинд удаан зогсохоос эхлээд энэ спортоор охин хүүхэд хичээллэх хэцүү хэмээн ээж нь дургүйцсэн ч түүний сонирхлыг хориглож дийлээгүй байна. Хэдийгээр хичээллээд удаагүй байгаа ч би аливаа зүйлд маш тайван мөн ул суурьтай ханддаг болсон хэмээн тэрээр спортоос авч буй мэдрэмжээ хуваалцлаа.