Америкийн Калифорни мужийн байгалийн хийн PG&E компани ойн түймрээс сэргийлж 800 мянга гаруй өрхийн цахилгааныг хязгаарлалаа. Учир нь тус мужийг чиглэн хар салхи ирж яваа ба цахилгааны шонгууд нурж унаснаар их хэмжээний ойн түймэр гарах эрсдэлтэй юм. 

Цахилгааны хязгаарлалд дор хаяж долоо хоног үргэлжлэх төлөвтэй байгаа ба энэ хооронд компаний зүгээс системээ шалгаж хар салхи өнгөрсний дараагаас хэрэглэгчдийг цахилгаанаар хангах гэнэ. PG&E компани одоогоор иргэдийг угаалгын өрөө, цэвэр усаар хангах, электрон хэрэгсэл цэнэглэх 28 цэгийг өдрийн цагаар ажиллуулж байгаа юм. 

Мөн олон сургууль сурагчдаа долоо хоног гэртээ байхыг сануулсан байна. Өнгөрсөн оны 11-р сард Калифорни мужийн Парадайс тосгонд томоохон түймэр гарснаар 60 мянган га газар шатаж 86 хүн амиа алдсан юм. Үүний шалтгаан нь PG&E компаний цахилгааны шонгуудын аюулгүй ажиллагаа алдагдснаас болжээ. 

Үүнээс гадна 2017 онд болсон түймэрт PG&E компани буруутгагдсан ба энэ оны нэгдүгээр сард тус компани дампуурлаа зарлах талаар ярилцаж байгаа гэж мэдэгдсэн юм. PG&E компани нь Калифорни мужийн ихэнх хэсгийг байгалийн хий, цахилгаанаар хангадаг байна. 

Эх сурвалж: CNN, BBC