Калифорний их сургууль Хятадад аялж байхдаа Wechat, WhatsАpp зэрэг аппликейшнийг хэрэглэхгүй байхыг оюутнууддаа анхааруулжээ. Ингэснээр Хятадын хуулийнхан тэдний харилцааг буруугаар ашиглах аюулгүй гэнэ.

Өнгөрсөн сарын нэгэнд Хуавей компаний санхүүгийн менежер Мэн Ванзоуг Ираны хоригийг зөрчсөн гэж үзээд Америкийн захиалгаар Канадад баривчилсан юм. Үүнээс болж хоёр орны харилцаа муудсан бөгөөд өдгөө Канадын хоёр иргэнийг Хятадын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэж саатуулаад байна.

Өнгөрсөн сард Америкийн иргэн Пол Велангийг тагнуул хийсэн гэж үзээд Орост баривчилсан бөгөөд үүнд түүний WhatsApp мессенжерийн хэрэглээ буруутай гэж үзжээ.

Иймээс Хятад үүнтэй ижил аргаар Америкийн жуулчдыг баривчилж магадгүй гэж Калифорний их сургуулийн удирдлагууд үзэж байгаа юм.  

Хятадад 500 мянга гаруй гадаад оюутан суралцдаг бөгөөд Нью Йорк, Дюк, Ливерпүл зэрэг томоохон сургуулиуд Хятадын их сургуулиудтай хамтарч ажилладаг байна.

Хятадын засгийн газар 2016 онд Үндэсний аюулгүй байдлын боловсролын өдрөөр царайлаг гадаад хүмүүс Засгийн газрын нууц материал хулгайлж магадгүй талаар ухуулах хуудас тарааж байжээ.

Үүнээс хойш Хятадад аялаж буй гадаад оюутнууд байцаагдаж, байнгын цагдаагийн хараа хяналт дор явж байгаадаа гомдол мэдүүлсээр ирсэн байна.

Өнгөрсөн 11 сард Хятадын засгийн газар олон арван твиттер хэрэглэгчдийн жиргээг устгаж хаягийг нь хаалгасан бөгөөд заримыг нь хакердсан гэдгийг хүний эрхийн байгууллага мэдээлсэн байна.

Хятадад твиттерийн хэрэглээг хориглох хүртэл Засгийн газар нь иргэдийнхээ хувийн чатыг хянадаг байсан бөгөөд үүнээс хойш Засгийн газрын хяналт дор байдаг WeChat аппликейшнийг ашиглах болжээ.

WeChat аппликейшнийг хөгжүүлэгч Tencent компаний зүгээс хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг хянадаггүй гэдгээ мэдэгдсэн юм. Гэвч Хятадын кибер аюулгүй байдлын шинэ хуулийн дагуу Tencent компани хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг дор хаяж зургаан сар хадгалж шаардлагатай тохиолдолд Засгийн газарт өгөхөөр болжээ.

Харин WhatsApp нь Хятадын хамгийн аюулгүй аппликейшн бөгөөд Засгийн газартаа мэдээллээ өгдөггүй ч хакерийн аюулаас сэргийлж чаддаггүй гэнэ.

Эх сурвалж: CNN, KTVZ