Өдрийн Тойм - Чухлыг тоймлоно

           

Бид тоймлоё, Та унш

2019.06.18 Мягмар                                                25°C   2,654.41  Өвчин ирнэ

Чухлыг тоймлоё


УБ-Дарханы замыг хаалаа

Тус чиглэлийн 204.11 км замын засвар, шинэчлэл эхэлж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр замаар нэвтрүүлэхээр боллоо. Замыг 22-ын товчооны Дархан руу салдаг уулзвараас эхлэн хаах ба Баруун туруун орчмын иргэд 5-н шар Толгойт-Орбит-Тахилтын замаар явж шинээр баригдсан түр зам руу нийлнэ.

Дархан, Сэлэнгийн иргэд хаагуур зорчих вэ?

Эмээлтийн замаар Хүй 7 худаг хурдан морины замаар дайран 61-ийн гарамаас Дархан-Сэлэнгэ чиглэлийн үндсэн замд орно. Харин Булган, Хөвсгөл, Орхон аймгийн чиглэлд зорчих иргэд 22-ын товчооны салдаг уулзвараас Лүн сумаар дайран Булганы Дашинчилэн сумаар хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.

Дарханы зам 4 эгнээтэй болно

Одоо байгаа 2 эгнээг засварлах ажил 11/1 гэхэд дуусах бол шинээр баригдах 2 эгнээг 2020 оны наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Дарханы замыг $360 саяар шинэчлэх ба Үхлийн зам гэгддэг тус зам осол аваарын тоогоор улсдаа 3-т бичигддэг байна.


Ихэнх гол, мөрөн үерлээд байна

Сүүлийн өдрүүдэд орж буй аадар борооны улмаас Дэлгэрмөрөн, Бэлтэс, Ховд, Буянт, Булган, Хархираа голууд үерийн түвшинг 5-55 см даван үерлэжээ. Мөн энэ 7 хоногт ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж, жижиг гол мөрөн үерлэх магадлал өндөр байна. Иймд үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа. Он гарсаар 12 хүн усанд осолдож нас барсны 3 нь хүүхэд байна.  


ЭЕШ эхэллээ

Энэ жил 18130 төгсөгч шалгуулж байгаа ба ЭЕШ 6/20-нд дуусна. Энэ жилээс шалгалтын материалыг цагийн дотор засаж, дүнг нь мэдээлж байгаа юм. Ингэснээр ЭЕШ-тай холбоотой маргаан гарахгүй ба хичээл тус бүрийн дүнг 6/21-ны 09:00 цагт www.eec.mn сайтад байршуулж, 24-өөс ЭЕШ-ын батламжийг тараана. УБ-ын сурагчид батламжаа төгссөн сургуулиасаа авах бол орон нутгийнх аймгийнхаа Боловсрол, соёл, урлагийн газраас авах юм.


Хонг Конгийн иргэд удирдагчаа огцрохыг шаардлаа

Тус улсын удирдагч Кэрри Лэм Хятад руу ялтан шилжүүлэх хуулийг хойшлуулсан ч 2 сая иргэн өөр шаардлага хүргүүлэн жагслаа. Тэд ялтан шилжүүлэх хуулийг цуцлах, 6/12-ны жагсаалын үеэр баривчлагдаж 10 хүртэлх жилийн ял сонссон 11 хүнийг суллах, цагдаа нар жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн асуудлыг шалгах, мөн Кэрри Лэмийг огцрохыг шаардсан юм. Хонг Конгийн иргэд уг жагсаалаар Хятадын эсрэг тэмцэхэд бэлэн гэдгээ харуулж байна гэж ажиглагчид үзжээ.


Биткойн олборлолт дэлхийн дулааралд сөргөөр нөлөөлдөг

Биткойн олборлолтод жилд 46 тераватт цахилгаан зарцуулдаг ба 22-22.9 мега.тн нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдгийг Германы эрдэмтэд тогтоожээ. Энэ нь Вегас, Вена зэрэг том хотын бохирдолтой ижил хэмжээтэй ба Биткойн олборлогчид ихэвчлэн өөрсдийн улсын эсвэл хөрш орны сүлжээг ашигладаг байна. Иймээс экологийн тэнцвэрт байдлыг хадгалахын тулд биткойн олборлолтыг дахин ашиглах боломжтой цахилгаан үүсвэртэй холбох нь зүйтэй гэнэ.

Таны сонорт


Related image Төв болон зүүн аймгийн зарим газраар өнөөдөр усархаг бороо орох тул үер, усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна.

Сэтгэх цаг


Image result for thinking icon Өрөөнд эгч дүү 5-лаа байна. Сараа ном уншина, Цэцгээ ярина, Зулаа шатар тоглоно, Болороо хувцас угаана. Тав дахь нь юу хийж байгаа вэ?

/Өмнөх бодлогын хариу: Бэлэвсэн эмэгтэй/

Өдрийн тойм Сошиал   


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр

  

    

ЭНЭ ӨДРИЙН ТОЙМ