Өдрийн Тойм - Чухлыг тоймлоно

                                            

Бид тоймлоё, Та унш

2020.04.02 Пүрэв                               3°C  2,778 Өвчин өчүүхэн ирнэ

Чухлыг тоймлоё 

Эдийн засгийг идэвхжүүлэх багц –ийг хэлэлцүүлнэ

Засгийн газрын хуралдаанаар гарсан Эдийн засгийг идэвхжүүлэх багц хэмжээг УИХ-д оруулах болсноо Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдэв.  Үүний санхүүжилтүүдийг нь УИХ-аар батлах юм.  Иргэд, ААН-үүдээ дэмжих хүрээнд хичээл, сургууль орохгүй байгаатай холбоотойгоор тодорхой зардлуудыг хэмнэгдсэн. Энэ хэмнэгдсэн мөнгөнөөс 18 нас хүртэлх бүх хүүхдэд 10 мянган төгрөгийг хүүхдийн мөнгөн дээр нь нэмж олгоно. Гурван сарын хугацаанд сар бүр 30 мянган төгрөг хүүхэд бүрт олгогдоно.  Мөн үйл ажиллагааг нь төрийн байгууллагын шийдвэрээр зогсоосон боловч ажлын байраа хадгалсан ААН-үүдийн ажилтнуудад сар бүр 200 мянган төгрөг олгох шийдвэрүүд багтжээ.

 

Гурван салбарын хүмүүст татварын хөнгөлөлт нөлөөлөхгүй

Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс Хүн амын орлогын албан татвар  авахгүй. Гэхдээ энэ арга хэмжээ нь гурван салбарын хүмүүст нөлөөлөхгүй.  Тодруулбал “Улсын төсвөөс цалин авдаг төрийн албан хаагчид орохгүй. Учир нь тэдний орлого буураагүй. Хоёрдугаарт, төрийн өмчит ААН-үүд мөн орон нутгийн өмчит ААН-үүд дээрх хөнгөлөлт хамаарахгүй.  Гуравдугаарт тендер зарлагддаг, одоо ажлаа хийж байгаа компаниуд улсаас мөнгө авч ажлаа хийж байгаа учраас ажиллагсдыг нь НДШ-ээс чөлөөлөхгүй гэжээ.

 

Энэ талаарх зарим албаны хүний мэдэгдэл!

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Төсвийн зардлаа танаж, хумьж байгаа нэг ширхэг ч улс байхгүй. Хэрэв хасвал эдийн засгийг нэлээд урт хугацааны хямрал руу түлхэнэ. Тиймээс төсвөө тэлсэн бодлогоо үргэлжлүүлсэн хэвээр байна.  2020 оны төсөвт 3.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт байгаа. Өнөөдөр худалдан авалтын тайланг авахад 15 мянган ААН орж ирж байна.  Барилга барилаа гэхэд жижиг туслан гүйцэтгэгчид нэмэгдэнэ. Ингээд 150 мянган ажлын байр бий болно.  Дөнгөж гурван сар өнгөрч байхад төсвөө тодотго гэдэг нь их хариуцлагагүй байдал. Дор хаяж зургаан сарын нөхцөл байдлыг харж байж шийднэ. Долоо хэмжиж нэг огтол гэсэн зарчмаар явна. Өнөөдрийн байдлаар алдаа гараагүй явна" гэлээ.


 

Дахиад нэг чухал шийдвэр

Ноолуурын салбарыг дэмжихэд зориулж буй гурван хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас гаргаж, хүүгийн зөрүүг улсын төсвөөс гаргах юм байна.  Энэ жилийн хувьд зээлэн дээр нэлээд хэмжээний хөнгөлөлт үзүүлж байгаа бөгөөд зээл нэг жилийн хугацаатай гурван хувийн хүүтэй байна. Зээлийн хүү бууруулж байгаатай холбоотой гарах 30 тэрбум төгрөгийн зардлыг Засгийн газар өөрөө хариуцна.


 

Тахалтай тэмцэх гурван зарчмыг Билл Гэйтс санал болгожээ

Майкрософт корпорацийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гэйтс шинэ коронавирусын тахалтай тэмцэхэд баримтлах гурван зарчмыг АНУ-ын удирдагчдад санал болгож байгаагаа “Washington Post” сонинд өчигдөр нийтлүүлжээ. Нэгдүгээрт АНУ даяар нэгдсэн хөл хорионы дэглэм тогтоох, хоёрдугаар системтэйгээр оношилгоо, илрүүлэлтийг өргөжүүлж, эхний ээлжинд хэн хэнийг хамруулах дарааллыг тодорхой тогтоох гэнэ. Гуравдугаар зарчим нь коронавирусын эсрэг вакцин, эмчилгээний аргыг боловсруулахдаа их хэмжээний дата, өгөгдөл дээр суурилж, шинжлэх ухааны үндэслэлтэй ажиллах гэнэ. Дуулиан, цуурхалд автаж, сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргахгүй байхыг АНУ-ын эрх баригчдад Гэйтс уриалжээ.


  • Японы “Fujifilm” компани өөрийн бүтээгдэхүүн болох ханиад томууны эсрэг үйлчилгээтэй Avigan эмийг коронавирусын халдвартай өвчтөнүүд дээр туршиж эхэлжээ. Хятад улсын эрдэмтэд уг эмийг туршиж үзээд өвчтөнүүдийн эдгэрэх хугацааг мэдэгдэхүйц богиносгож байгааг өнгөрсөн сард зарласан юм. “Туршилтыг 100 өвчтөн дээр зургаадугаар сарын сүүл хүртэл явуулна. Туршилтын үр дүн дээр үндэслэн коронавирусийн эмчилгээнд ашиглах зөвшөөрлийг засгийн газраас хүсэх болно” гэж Fujifilm компанийн төлөөлөгч өнөөдөр мэдэгджээ.

 

Таны Сонорт 


-2020 оны эхний улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард багтаан олгоно. Нийтдээ 860 мянган иргэнд буюу нэг иргэнд дунджаар 47 мянган төгрөгийг буцааж олгоно.

Өдрийн тойм Статистик 


 

Өдрийн тойм Сошиал    


 

 

 

 

 

 

 

 

 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр

ЭНЭ ӨДРИЙН ТОЙМ