Өдрийн Тойм - Чухлыг тоймлоно

                                            

Бид тоймлоё, Та унш

2020.05.014 Пүрэв                           23°C                2,793   Идээ ундаа элбэг олдоно

Чухлыг тоймлоё 

347 сонсогч ОХУ-ын армийн онгоцоор эх орондоо ирлээ

 

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай өнгөрсөн долоо хоногт цахим уулзалт хийх үеэрээ тус улсын БХЯ-ны харьяа их дээд сургуулиудад суралцаж буй монгол сонсогчдыг Оросын цэргийн тусгай онгоцоор эх оронд нь авчрах хүсэлт тавьсан билээ. Энэ дагуу өнөөдөр ОХУ-аас гурван онгоцоор Москва, Санкт-Петербург, Новосибирск болон бусад хотуудад суралцдаг 347 сонсогч эх орондоо ирж байна. Эхний онгоц 13:25 цагт Улаанбаатар хотноо газардлаа.  Тухайн оюутнуудыг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Бага баян амралтын газар, Тоёоко инн зочид буудалд тусгаарлах бөгөөд “Covid-19” халдвар өндөр тархсан бүс нутгаас ирж байгаа учир яаралтай шинжилгээ авах юм байна.

 

Тусгаарлалтад байсан эмэгтэй амаржиж охинтой болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д тусгаарлалтад байгаа 25 настай жирэмсэн эмэгтэй амаржиж, охинтой болжээ.  Тэрбээр дөрөвдүгээр сарын 30-нд Сингапураас БНСУ-аар дамжин чартер нислэгээр Монголд ирсэн аж. Шуурхай штабын зүгээс холбогдох таван шаардлагыг хангасан учир эх оронд нь авчирсан байна. Ээж, охин хоёрын биеийн байдал хэвийн байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 100 гаруй хүн ажиглалтад байгаа. Харин короновирусний халдвартай нь батлагдсан 42 хүн байгаагийн 15 нь эдгэрч, эмнэлгээс гарсан бол 27 өвчтөнийг ХӨСҮТ-д эмчилж байгаа билээ.

 

Энэ талаарх зарим албаны хүний мэдэгдэл!

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа  “ХУ-аас Цэргийн сургуулийн 346 оюутан өнөөдөр гурван онгоцоор ирнэ. Бид тэднийг хүлээж авахдаа ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Багабаян, Тоёока инн зэрэг буудлыг бэлдэж байна. Мэдээж тэднийг хилээр оруулж ирэх үед ХӨСҮТ-ийн баг ажиллана. Түүнээс гадна иргэд ОХУ-д халдварын тархалт өндөр байгааг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр ирэх оюутнууд дунд халдвартай хүний хавьтал болсон, өвдөөд эдгэрсэн хүүхдүүд ч байгаа гэх судалгаа бидэнд байна. Магадгүй хөнгөн балархай хэлбэрээр шинж тэмдэггүй өвдсөн тохиолдол дэлхий дахинд олон байна. Тиймээс өнөөдөр ирмэгц нь бид шинжилгээ авна. Өөрөөр хэлбэл, өнөө шөнөдөө багтаад бид 346 хүний шинжилгээг авахаар лабораториудаа бэлдэж байна. Шуурхай арга хэмжээний дөрвөн баг бэлэн байдлаа хангаад ажиллаж байгаа бөгөөд маргааш гэхэд халдвартай халдваргүйгээр нь ялгана” гэв.

 


 

Дахиад нэг чухал мэдээ

Цар тахлын тархалтын үед Засгийн газраас нийгмийн халамжийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд ирэх аравдугаар сарын 1-нийг хүртэл хүүхэд бүрд 100 мянган төгрөг олгохоор болсон. Үүнтэй холбоотойгоор шинээр хамрагдах хүсэлт гаргасан хүүхдийн тоо 20 мянгаар нэмэгдсэн бөгөөд цаашид нэмэгдэх хандлагатай байгаа ажээ. Мөн гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэд  болон Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэдээс хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтүүд хөдөлмөр халамж үйлчилгээний газарт олноор иржээ. Иймд Коронавируст халдварын цар тахлын үед хүсэлт гаргасан гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний болон Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэний хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100 мянган төгрөгийг хүсэлт гаргасан сараас эхлэн ирэх аравдугаар сарын 1-нийг хүртэл олгох шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Өнгөрсөн сарын байдлаар  гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний 18 хүртэлх насны 27 мянган хүүхдээс 12 мянга нь хүүхдийн мөнгөн тэтгэмжээ авдаг байна.


 

Японы мэргэжлийн сүмо бөхчүүдээс анхны хүн коронавирусын өвчлөлөөр нас баржээ

28 настай сүмо бөх Шобуши өнөөдөр Covid-19 өвчний улмаас эмнэлэгт нас барсныг Японы Сүмогийн Холбоо мэдээлжээ.Тэрээр мэргэжлийн сүмо бөхийн тамирчдаас коронавирусийн халдвараар нас барсан анхны хүн болж байна.Такадагава дэвжээнд харьяалагддаг Шобуши нь дээрээсээ дөрөв дэх зиндаа буюу санданмэд барилддаг байжээ. Шобуши дөрөвдүгээр сарын 8-нд эмнэлэгт хэвтэж, дөрөвдүгээр сарын 19-нөөс эхлэн бие нь муудсаар зарим дотор эрхтэн нь ажиллагаагүй болсны дараа амьсгал хураасан байна.Такадагава дэвжээнд коронавирусийн халдвар тарж, дэвжээний эзнээс гадна таван бөх Covid-19 өвчнөөр өвчилсөн тухай Сүмогийн Холбоо өнгөрсөн сарын сүүлээр мэдээлж байжээ.

 


 

  • “ТЭСО” корпораци 100 хувь органик аргаар өтгөрүүлсэн чацарганыг Европын зах зээлд борлуулж эхэлжээ. АНУ-ын онлайн худалдааны “Ebay” флатформд Монголын чацаргана анх удаа худалдаалагдаж байна.  Ингэхдээ “ТЭСО” корпорацийн өтгөрүүлсэн чацаргана 24.99 ам.доллараа зарагдаж байгаа бөгөөд Европын зах зээлд борлуулалт өндөр байгаа үнэлгээ авчээ. Монголчуудын шингэн алт гэгдэх чацаргана өнөөдөр Америкийн цахим худалдааны “Ebay” дээр  нэг баррель түүхий газрын тосноос өндөр үнэтэй худалдаалагдаж байгааг харах сайхан санагдлаа.  Дэлхийн хамгийн том зах зээл болох АНУ-д Монголын хөрсөнд ургасан жимсээ баялаг болгон экспортолж, Монголдоо доллар оруулж ирж байгаа үйлдвэрлэгч нараараа бахархахгүй байхын аргагүй. Тэд вирус гарлаа, хүнд хэцүү байна гээд зүгээр суусангүй. Харин ч хүнд хэцүү үе, хямралыг боломж гэж харж, үргэлж өөдөө мацаж байдгийн тод жишээ болж байна.

 

 

 

Таны Сонорт 


Энэ сарын 15-17-ны өдөр ихэнх нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурна.

 

 

Өдрийн тойм Статистик 


Хүний тархи туулж өнгөрүүлсэн бүхнийг хадгалах багтаамжтай.

 

Өдрийн тойм Сошиал    


 

 

 

 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр

ЭНЭ ӨДРИЙН ТОЙМ