Өдрийн Тойм - Чухлыг тоймлоно

Европын Аваргуудын лигийн шөвгийн наймын хариу тоглолтод Английн “Челси“ талбайдаа Португалын “Порто”-г хүлээн авах гэж байна. Өмнөх тоглолтод өрсөлдөгчдөө 0:2-оор хожигдсон тул “Порто” заавал хоёр гоол оруулж байж тоог тэнцүүлэх боломжтой.

Хоёр багийн дасгалжуулагчид юу ярьсныг та бүхэнд хүргэж байна.

“Бид итгэл дүүрэн байна. Мэдээж, хэцүү даалгавар хүлээж байгаа нь маргаангүй. Гэвч бид энд тоглох гэж, хожих гэж л ирсэн шүү дээ. Бид аугаа клубтэй тулж буй учраас онцгой мэдрэмж төрж байгаа. Ийм тоглолтод шүглийн эхний дуунаар л довтлоод эхэлбэл горыг нь амсдаг жамтай. Бид багаараа хичээж, маш нягт нямбай тоглох ёстой. Хоёр гоол оруулахаас гадна гоол алдахгүй байх үүрэгтэй. Эхний тоглолтод бид муугүй байсан ч бас өөгүй сайн тоглож чадаагүй. Хэрвээ өөгүй сайн тоглосон бол хожигдохгүй шүү дээ. Одоо бид өмнөхөөсөө илүү чанартай хөлбөмбөг үзүүлэхийг хичээх болно” гэж “Порто”-гийн ахлах дасгалжуулагч Сержио Консэйсао өгүүлжээ.

Тэгвэл “Челси”-гийн герман дасгалжуулагч Томас Тухель “Тоглолтын явцад сайн ч мөч, муу ч мөч таарна гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Эхний тоглолтод бид сөрөг прессинг сайн тавьж, тоглолтын санаачлагыг үе үехэн авч, боломжуудаа ашигласан. Мөн “Порто” ч санаачлагыг авсан мөчүүд бий. Ялангуяа жигүүрийн тоглолт нь бидэнд ихээхэн дарамт учруулж байлаа. Ер нь эхний тоглолтод сайн тал ч, муу ч тал байсан. Хоёр баг ээлжлэн санаачлагыг авч тоглосон.

Манай багийг их идэвхгүй арга барилаар тоглож байна гэж байна уу? Бид шөвгийн дөрөвт хүргэж чадах тэр л хөлбөмбөгийг тоглох ёстой. “Порто”-гийн зорилго бол одоо тодорхой. Тэд гурван гоол оруулахын төлөө л зүтгэнэ. Тэгэхээр эхний тоглолтын дүнгээ хадгалья гэж бодвол бид алдаа гаргах талтай. Манай баг энэ сорилтод бэлэн гэдгээ харуулж, сайн тоглоно гэж найдаж байна” хэмээн өгүүлжээ.

Тоглолт Улаанбаатарын цагаар өнөө шөнө буюу дөрөвдүгээр сарын 14-ний 03:00-д эхэлнэ.

Р.Гэгээ

 

ЭНЭ ӨДРИЙН ТОЙМ

Udriin toim