Өдрийн Тойм - Чухлыг тоймлоно

           

Бид тоймлоё, Та унш

2019.04.24 Лхагва                                                    7°C   2,637.12  Өлсөж ундаасна

Чухлыг тоймлоё


Төв талбайн зогсоолыг чөлөөлж, усан оргилуур барина

Чингисийн талбайн өмнөх автомашины зогсоолын зөвшөөрлийг цуцалж, Нийслэлийн хөрөнгөөр усан оргилуур барина гэж Хотын дарга мэдэгдлээ. Учир нь UB констракшн ХХК 2006 онд талбайн өмнөх газрыг эзэмших зөвшөөрөл авахдаа усан оргилуур болон газар доогуурх байгууламж барина гэх гэрээ хийсэн ч 2016 онд автомашины зогсоол байгуулжээ.

Банкны барьцаанд байгаа гээгүй бил үү?

Тийн. Гэхдээ энэ нь УБ банк, UB констракшний хоорондын асуудал учир захирамжийн дагуу зогсоолыг чөлөөлж, усан оргилуур барих ажлыг эхлүүлнэ гэж Хотын дарга хэллээ. Тус зогсоолын хэсэг Улаанбаатар банканд $8.6 саяын барьцаанд байгаа юм.

Ашгаа хуваалцах "нууц гэрээ"

“Хотын төвд үнэ төлбөргүй зогсоол бий боллоо” гэх сүржин тайлбартайгаар тууз хайчилж байсан талбайн өмнөх 200 автомашины зогсоол 2-хон сарын дараа төлбөртэй болсон. Гэтэл UB констракшн зогсоолыг 2021 он хүртэл эзэмшиж, 30%-н ашгийг нийслэлд өгнө гэх “нууц гэрээ” үзэглэсэн байжээ. Гэвч өнөөдрийг хүртэл нийслэлд нэг ч төгрөгийн ашиг олгоогүй учир Хотын дарга зөвшөөрлийг нь ийнхүү цуцалжээ.

Зогсоолын зөвшөөрлийг анх хэн олгов?

2005-2007 онд хотын дарга байсан Ц.Батбаяр. Тэрээр хотын дарга байхдаа хэд хэдэн хууль бус ажил хийсэн ба эрх мэдлээ урвуулан ашиглаж улсад ₮605 саяын хохирол учруулсан хэргээр 2014 онд 2.1 жилийн ял сонссон ч 1.3 жилийн дараа өршөөлөөр суллагдсан юм.


Усны үнэ нэмэгдэнэ

Нийслэлийн 6 дүүрэг болон Налайхын цэвэр бохир усны үнийг 5/1-ээс 9-20 мөнгөөр нэмэхээр боллоо. Тодруулбал, өрхийн хэрэглээний цэвэр ус 9, бохир ус 11 мөнгөөр, ААН-ийн цэвэр ус 18, бохир ус 20 мөнгөөр нэмэгдэх юм. Харин Налайхын ахуйн хэрэглээний цэвэр, бохир усыг тус бүр 10 мөнгөөр, ААН-ийг 10-20 мөнгөөр нэмнэ. Энэ нь валют, инфляци, тог, дулааны үнийн өсөлттэй холбоотой гэж албаныхан тайлбарлалаа.


Каратэч жаал

Японд болсон каратэгийн ДАШТ-д 7 настай Н.Нэмүн түрүүлснээр Монголын анхны каратегийн дэлхийн аварга хүүхэд боллоо. Тус тэмцээнд 20 орны 2000 гаруй тамирчид оролцсон ба 35-39 насанд Киокушин каратэгийн багш З.Нандинзориг, 40-44 насанд спортын мастер Ө.Гантөмөр нар хүрэл медаль хүртжээ. Мөн Эмиратад зохиогдож буй жюү-жицүгийн ДАШТ-ын өсвөрийн -60кг-д Ө.Бат-Оргил мөнгөн медаль хүртэж, бас нэгэн Монгол хүү дэлхийн медальтан боллоо.


Филиппинд 6.1 баллын газар хөдлөлт боллоо

Лузон аралд болсон газар хөдлөлтийн улмаас 11 хүн амиа алдаж, 20 хүн гэмтэж, нисэх буудлын үйл ажиллагааг 24 цагаар зогсоожээ. Мөн сүйдсэн 2 барилга дотор 30 гаруй хүн гацсан байх магадлалтай байгаа юм. Харин нийслэл Манила хотод өндөр барилгууд найгаж иргэдэд чичиргээ мэдрэгдсэн байна. Филиппин нь Номхон далайн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрладаг юм.


Самсунгийн эвхэгддэг утсанд асуудал үүсчээ

Өнгөрсөн 2/20-нд танилцуулсан эвхэгддэг дэлгэцтэй Галакси Фолд утасны дэлгэцэд асуудал үүссэний улмаас худалдаанд гарах өдрийг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Тус утас зарагдаж эхлээгүй ч сэтгүүлч, шинжээч зэрэг шүүмжлэгч нарт 50 гаруй ширхгийг өгсөн юм. Гэвч шүүмжлэгчид дэлгэцэд гажиг гарсан талаар гомдол гаргасан байна. Гэхдээ энэ нь 2016 онд дэлбэрсэн Note 7 утасны хэргээс жижиг асуудал гэжээ.

Таны сонорт


Related image Урсгал засвартай холбоотойгоор өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр

ЭНЭ ӨДРИЙН ТОЙМ