Форумыг нээж Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны  ерөнхийлөгч Ч.Даваабаяр үг хэлсэн юм. Тэрээр “Жижиг дунд үйлдвэрлэл нь Манай улсын хөгжлийн гарц. Монгол улс экспортлогч орон болохын тулд жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэх нь чухал” гэдгийг дурдлаа.

Монгол улсын засгийн газрын 2018-2020 оны “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д эдийн засгийн реформ, нийгмийн бодлогын реформ, засаглалын реформ хийхээр зарласан. Улмаар “Нийгмийн бодлогын реформ”-ын хүрээнд “Монгол улсын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Уг хуулийг УИХ-аар хэлэлцэхээр ажлын хэсэг байгуулаад байгаа юм. Энэ үед уг форум зохиогдож байгаа нь ихээхэн онцлогтой гэдгийг жижиг дунд үйлдвэрлэгчид онцоллоо.

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг анх 2007 онд баталж, эрх зүйн орчнуудыг сайжруулж байгаа ч үйлдвэр эрхлэгчид төдийлөн хурдацтай хөгжихгүй байгаа гэдгийг форумд оролцогчид онцолж байгаа юм.

Зураг: Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо/ фэйсбүүк

Энэхүү форумд оролцогчид жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэхэд төрийн бодлогыг хүртээмжтэй болгох, хууль эрх зүйг сайжруулах, шударга өрсөлдөөнийг бий болгох саналууд дэвшүүлж байлаа.

Түүнчлэн Жижиг дунд үйлчилгээ эрхлэгчдийн 66.5 хувь нь Улаанбаатар хотод 33.5 хувь нь орон нутагт үйл ажиллагаагаа явуулдаг байна. Тиймээс орон нутагт байгаа үйлдвэрлэлүүдээ дэмжих, эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, техник хэрэгсэл, хүний нөөц зэрэг тэдэнд тулгардаг олон асуудлыг төр засгаас шийдэж өгөх, дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажиллахыг хүслээ.

Манай улс 1990 оноос чөлөөт зах зээлийн харилцаанд шилжиж хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд бий болж эхэлсэн. Татварын ерөнхий газрын мэдээгээр 2017 оны жилийн эцсийн байдлаар бизнесийн регистрийн санд бүртгэлтэй 78,500 аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагийн 86 хувь буюу 67,600 аж ахуйн нэгж нь жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамаарч байгаа юм. Тус салбарт 800 мянга гаруй хүн ажилладаг байна.