Энэ хичээлийн жил 38.232 хүүхэд нэгдүгээр ангид элсэх ба бүртгэл өчигдрөөс эхлэн энэ сарын 27-ныг хүртэл явагдах юм. Тэгвэл Нийслэлийн боловсролын газраас ЧД-ийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэлийг дээрх хугацаанд цахимаар буюу Эцэг эхийн систем гэсэн сайтаар бүртгэхээр болжээ.

Энэхүү сайтаар зөвхөн ЧД-ийн төрийн өмчийн сургуулиудын хамран сургах тойрогт хамаарах хүүхдүүдийг бүртгэх юм. Харин бусад дүүргийн хүүхдүүд хамран сургах тойргийнхоо сургуулиудад хандах ёстой байна.

Ийнхүү цахимаар хүүхдээ бүртгүүлэхдээ дээрх системд бүртгүүлж, ямар нэгэн бичиг баримт шаардлагагүйгээр хүүхдээ элсүүлэх бөгөөд оршин суугаа хаягийн зөрчилгүй байх шаардлагатай.

Эцэг эхийн системд бүртгүүлэхдээ ухаалаг утсандаа дээрх системийн аппликейшнийг татан авч бүртгүүлэх боломжтойгоос гадна шууд сайт руу нэвтрэн бүртгэл үүсгэх боломжтой байна. Энэхүү системд бүртгүүлсний дараа хүүхдээ элсүүлэх хүсэлт явуулах боломжтой болно.

Системд бүртгүүлэх заавар:

  • Эцэг эхийн систем сайт руу нэвтрэн хэрэглэгчээр бүртгүүлнэ.
  • Үүний дараа хүүхэд холбох хүсэлт илгээнэ. Ингэхдээ таны хүүхдийн мэдээлэл Улсын бүртгэлийн мэдээлэлтэй тохирч байх, хүүхдийнхээ сурч буй сургууль, анги, бүлэг, багшийн ОВОГ, НЭР зэрэг мэдээллүүдийг тодорхой мэдэж байх шаардлагатай байна.
  • Эцэг эх асран хамгаалагчаас ирсэн хүсэлтийг ангийн багш нягтлаад баталгаажуулах эсвэл татгалзах үйлдэл хийнэ.

Эцэг эхчүүд бусад дүүргийн сургуулиудын хамран сургах тойргийн мэдээллийг Нийслэлийн боловсролын газрын сайтаас үзэх боломжтой байна.