Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Чех улсын Гадаад хэргийн сайд Томаш Петржичекийн урилгаар тус улсад энэ сарын 20-21-нд албан айлчлал хийж байна.

Айлчлалын эхний өдөр сайд Д.Цогтбаатар Томаш Петржичектэй албан ёсны хэлэлцээ хийж, худалдаа, эдийн засаг зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх зэрэг асуудлаар санал солилцсон байна.

Мөн нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хоёр орны хэлэлцээр, Хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай хэлэлцээр, Боловсрол, шинжлэх ухааны салбарт болон залуучуудын асуудлаар хамтран ажиллах тухай яам хоорондын хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

Зураг: ГХЯ

Европын холбооны орнуудаас Чехэд манай улсаас хамгийн олон буюу 9000 иргэн оршин суудаг байна. Харин Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хоёр орны хэлэлцээрийг байгуулснаар дээрх иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх боломж бүрдсэн байна.

Түүнчлэн айлчлалын хүрээнд сайд Д.Цогтбаатар Чехийн Парламентын Сенатын танхимын дарга Ярослав Куберад бараалхаж, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, УИХ-ын дарга Г.Занданшатараас илгээсэн Монголд айлчлах урилгыг уламжилжээ.

Дашрамд дурдахад, Чех, Монгол хоёр орны харилцаа дэлхийн хоёрдугаар дайнаас хойш идэвхжсэн ба 1950 онд Чехословак, Монгол хоёр орон дипломат харилцаа тогтсон юм. Улмаар Чехословак улс 1992 онд задарч Чех, Словак улсууд vvсэн байгуулагджээ.