Энэ сарын 19-нд Ховд аймгийн Булган сумын нисэх буудалд Чех улсын Прагийн амьтны хүрээлэнгээс цэргийн агаарын хөлгөөр Пржевальский адууны дөрвөн гүүг тээвэрлэн авчирна гэдгийг тус улсын ЭСЯ-аас мэдэгдлээ.

Энэ нь Чех улсаас ес дэх удаагаа тахь тээвэрлэн Монголд нутагшуулах үйл ажиллагаа юм. Нэн ховордож байгаа амьтны төрлийг хамгаалахад Чех болон Монголын экспертүүдийн хамтын ажиллагааны ачаар жил бүр дархан цаазат Говийн Б бүс дэх тахийн тоо өсжээ.

Мөн Прагийн амьтны хүрээлэнгээс Говийн Их Дархан цаазат газрын Б хэсэг дэх байгаль хамгаалагчдад шинэ бартаат замын тээврийн хэрэгсэл болон мотоциклыг хүлээлгэн өгөх гэнэ.

Тээвэрлэлт эхлэхээс өмнө Монголоос илгээх ил захидал хэмээх санхүүгийн дэмжлэг авах аяныг зохион байгуулахад Чехийн иргэд өргөнөөр оролцож, тээвэрлэлтэд дэмжлэг туслалцаа үзүүлжээ.

Мөн дээрх аянд нэгдсэн хүн бүрт Монгол дахь багийн гишүүд гарын үсэгтэй ил захидал илгээх бөгөөд аянаас олсон орлогыг Монголд нэн ховордоод байгаа Мазаалай, Бөхөн, Хавтгай зэрэг дархан цаазтай амьтдыг хамгаалах санд хандивлах юм.

Дашрамд дурдахад, Европын амьтны хүрээлэнгээс энэ жил манай улс руу 35 тахийг тээвэрлэн сэргээн нутагшуулсан байна.