Хийжүүлсэн болон энергийн ундаа, жүүс зэрэг чихэрлэг зүйлсийг байнга уух нь зүрх судасны өвчин, хорт хавдраар нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг Харвардын их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Уг судалгаанд 37716 эрэгтэй, 80647 эмэгтэйн мэдээллийг ашигласан байна.

Ингэхэд өдөрт хоёр стакан чихэрлэг шингэн хэрэглэдэг эмэгтэйчүүдийн эрт нас барах эрсдэл сард нэг удаа хэрэглэдэг бүсгүйчүүдээс 63 хувиар илүү байдаг гэнэ. Харин эрчүүдийнх 29 хувиар их байдаг аж.

Мөн тэдний нас баралтын гол шалтгаан нь зүрх судасны өвчин, бүдүүн гэдэс болон хөхний хорт хавдар байгааг судалгаанаас харж болно.

Жишээлбэл, өдөрт хоёроос олон удаа чихэрлэг ундаа хэрэглэдэг хүн зүрх судасны өвчнөөр нас барах магадлал 31, хорт хавдар 18 хувиар илүү байдаг гэнэ.

Эх сурвалж: CNN, Livescience