Ерөнхий сайд У.Хүрэлсүх Чингис хааны музейн үзэл баримтлалыг баталлаа. Энэхүү музей ашиглалтад орсноор олон улсын өндөр төвшний үзэсгэлэнг Монголд зохион байгуулах боломж бүрдэх гэнэ.

Чингис хаан музей нь Монголын анхны төрт улс Хүннү эзэнт улсаас эхлэн Монголчуудын төрт ёсны голомт 20-р зуунд дахин сэргэх хүртэлх цаг үеийн түүхийг хамрах юм.

Тодруулбал Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгур, Кидан, Хамаг Монгол, Их Монгол улсын хаад язгууртныг гол мөхлөг болгон авахын зэрэгцээ Манж Чин улсын үед тэмцэж явсан эрэлхэг баатрууд, Чингис хааны угсааны ноёд, язгууртны түүхийг харуулсан танхимтай байна. 

Музейн үзэл баримтлалд, ашгийн төлөө бус соёл, боловсрол, шинжлэх ухааны байгууллага байх бөгөөд үндсэн үйл ажиллагаа нь сан хөмрөгийн цуглуулга, үзүүллэг үйлчилгээ, Чингис хаан судлалд үндэслэнэ гэжээ. 

Засгийн газар Байгалийн түүхийн музейн актлагдсан барилгыг суллаж оронд нь Чингис хааны музей байгуулах шийдвэр гаргасан юм.