БОАЖЯ-ны нээлттэй өдөрлөгийн хүрээнд олон арга хэмжээ зохиогдож байгаа ч хүйтний улирал эхэлж буйтай холбоотойгоор иргэд сайжруулсан түлшний талаарх мэдээллийг ихэд сонирхож, тус асрын ойр орчимд хүмүүс бужигнаж харагдлаа. Иргэд “шахмал түлшийг илчгүй, үнс ихтэй, бага хэмжээгээр олгож байна, сайн картын тарааж эхлэхгүй байна” гэх гомдлыг хэлж байсан юм.

Харин Тавантолгой түлш ХХК-иас үүнийг няцааж, иргэдэд мэдээлэл хүргэж байна. Тодруулбал, шахмал түлшний шаталт, халуун барилт, их үнс гарах зэрэг нь тухайн өрхийн зуухаас шалтгаалдаг гэж Тавантолгой түлш ХХК-ны борлуулалтын менежер А.Ууганцэцэг хэллээ.

Тус компаниас төслийн болон ердийн зууханд 09:30 минутад сайжруулсан түлшээр галлаж, асалт, илч ямар байгааг харьцуулалт хийж байгаа юм. Ийнхүү 12:33 минутад төслийн зуухны түлш шаталт явагдаж, халуун байсан бол энгийн зуухны илч муу байлаа.

Гэвч иргэдийн зүгээс гадаа +20 градусын дулаанд түлж үзүүлэх нь тохиромжгүй гэсэн юм. Иргэд төлөөлөл “шахмал түлш нь бодит байдал дээр том хэмжээтэй, нам даралтаар халдаг байшинг халааж дийлэхгүй байна” гэх шүүмжлэлийг хэлж байлаа. 

 

Сайжруулсан түлштэй холбоотой дараагийн асуудал нь сайн карт юм. Тус картыг энэ сарын 16-аас тарааж эхэлнэ гэсэн боловч хороодод очоогүй байгаа гэнэ. Мөн сайн картаар зөвхөн харьяа хорооноосоо шахмал түлш авах бөгөөд нэг удаад дөрвөөс илүү  шуудайг худалдан авч болохгүй байна. 

Энэ талаар холбогдох мэргэжилтнүүд хэлэхдээ “Өрхийн түлшний хэрэглээг хянаж, судалгаа хийх тул одоогоор бага хэмжээгээр олгож байна. Мөн картын хэвлэлт өчигдөр бүрэн дууссан” гэлээ.

Одоогоор Тавантолгой түлш ХХК 300 гаруй мянган тонн түлш үйлдвэрлэсэн ба айлууд зохих журмын дагуу галлаагүй, зуух нь шаардлага хангаагүй тохиолдолд ажлын хэсэг очиж зааварчилгаа өгөх юм.

Засгийн газрын үйл ажиллагааг нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг энэ сарын 27-нд дуусна. Маргааш Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй өдөрлөг болох ба энэ үеэр ажлын байрны захиалга авч, ажилгүй иргэдийг зуучлах юм. 

Мөн одонтой ээж, жирэмсэн эхчүүдийн материал, насны хишигтэй холбоотойгоор ахмадуудын өргөдлийг хүлээн авч, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих карт олгох, сунгана.