Хууль зүй, дотоод хэргийн яамны өдөрлөг өнөөдөр Чингисийн талбайд болж байна. Энэ хүрээнд салбарын үйл ажиллагааг нийтэд сурталчилж, нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх юм. 

Өдөрлөг 10:00-17:00 цагийн хооронд үргэлжлэх ба энэ үеэр хаясан гээсэн иргэний үнэмлэх шууд хэвлэж олгох, жолооны эрх сэргээх, эрх зүйн бүх төрлийн үнэгүй зөвлөгөө өгнө. Өдөрлөгт Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагууд оролцох юм.

Засгийн газрын нээлттэй өдөрлөг энэ сарын 27-ыг дуустал үргэлжлэх ба цаашид яам, агентлагууд хуваарьт өдрөө ажлаа тайлагнаж иргэдэд үйлчилгээ үзүүлнэ. 

  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам /09.20/ - Тусгай зөвшөөрлийн материал бүрдүүлэлт, сайжруулсан шахмал түлшийг хэрхэн хэрэглэх, Ногоон хэрэм төслийн хүрээнд мод тарих зэрэг зөвлөгөө өгнө. 
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам /09.21/ - Ажлын байрны захиалга авч, ажилгүй иргэдийг зуучлах, нийгмийн халамжийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх, тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгнө. Мөн одонтой ээж, жирэмсэн эхчүүдийн материал, насны хишигтэй холбоотойгоор ахмадуудын өргөдлийг хүлээн авах ба ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих карт олгох, сунгах, протез, ортопедийн танилцуулга авах боломжтой.
  • Зам, тээврийн хөгжлийн яам /09.22/ - Төмөр зам, авто зам, агаарын тээврийн  салбарт хийж байгаа бүтээн байгуулалтын ажлаа танилцуулж, иргэдийн санал бодлыг хүлээн авна.
  • Барилга, хот байгуулалтын яам /09.23/ - Тусгай зөвшөөрлийн хүсэлт, өргөдөл, гомдол хүлээн авах ба газар өмчлөх, эзэмших, ашиглах, газар эзэмших эрхийн барьцаанд бүртгэх, бүртгэлгүй эсэх лавлагаа олгоно. Мөн иргэд үл хөдлөх хөрөнгийн судалгаа, цэвэр, бохир ус, дулааны төлбөр тооцооны бодолт, үнэ тарифын мэдээлэл, гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар мэдээлэл авах боломжтой.
  • Батлан хамгаалах яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /09.23/ - Зэвсэгт хүчний зэвсэг, техникийн үзэсгэлэн, жагсаал, гардан тулааны үзүүлэх тоглолт хийнэ. Цэргийн төв эмнэлгийн эмч нарын үнэгүй зөвлөгөө өгч, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх болон бусад сангаас олгодог зээлтэй холбоотой мэдээлэл өгнө. Малын эмийн хэрэглээний хяналт, баталгаажуулалт, үзэсгэлэн худалдаа, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалахад зориулсан зөвлөгөө авах боломжтой.
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам /09.25/ - Геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны салбарын чиглэлээр мэдээлэл өгч танилцуулах, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авна.
  • Эрчим хүчний яам /09.26/ - Иргэдийн гомдлыг хүлээн авч газар дээр нь шийдвэрлэж, цахилгаан, дулааны техникийн нөхцөл хүсэгч иргэн, аж ахуйн нэгжээс өргөдлийг цахимаар хүлээн авах талаар зөвлөгөө өгөх юм. Мөн эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур, шинжлэх ухаан, инновацийн шинэ бүтээл, техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа болно.
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /09.27/ - Их, дээд сургуульд суралцагчид тэтгэлэг, зээлд хэрхэн хамрагдах, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаархи мэдээллийг авах боломжтой. Мөн  хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгийн хамрагдалт, ирц, үнэлгээ, гэрийн даалгавар зэргийг эцэг эхчүүд гар утаснаасаа шууд үзэх боломжтой системийг танилцуулах ба гар утсанд суулгаж өгөх зэрэг үйлчилгээ үзүүлнэ.