Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Чинзориг Нийгмийн даатгалын сантай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Капитал банканд байршуулсан 228.1 тэрбум төгрөгийг өөрийг нь томилогдохоос өмнө буюу 2013-2017 онд байршуулсан гэж мэдэгдлээ. 

Тэрээр сайдаар томилогдсоныхоо дараа Капитал банканд дахь мөнгөн хадгаламжийн гэрээ дуусан тул 79 тэрбум төгрөгийг авах хүсэлт тавьсан ч банкны санхүүгийн байдал тааруу гэх шалтгаанаар өгөөгүй байна. 

Одоогоор Капитал банкнаас Нийгмийн даатгалын сангийн 105 тэрбум төгрөгийг авах ба үндсэн хөрөнгийг нь барьцаалж, өрийг төлүүлэх талаар Монголбанкны удирдлагуудтай ярилцсан гэнэ. Гэхдээ Капитал банкны удирдлагуудад прокуророос эрүүгийн хэрэг үүсгэсэн учир үндсэн хөрөнгийг хөдөлгөхийг түр хугацаанд хязгаарласан байна. 

Үүнээс хойш Нийгмийн даатгалын сангийн мөнгийг Монголбанкны үнэт цаасыг худалдан авах байдлаар арвижуулахаар шийдвэрлэжээ. Ингэснээр хүү нь тодорхой хэмжээгээр буурах хэдий ч сангийн мөнгө эрсдэлгүй юм. 

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг Монголбанкны үнэт цаас худалдан авах, Засгийн газрын бонд худалдан авах, арилжааны банкнуудад хүүтэй байршуулах зэргээр арвижуулдаг байна. 

Одоогийн байдлаар Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 1.1 их наяд төгрөг байгаа ба 400 орчим тэрбум төгрөгийг Хаан болон Төрийн банканд байршуулжээ.