Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-2018 энэ сарын 19-25-нд Унгарын нийслэл Будапешт хотод болж байна.

Тэмцээний эхний хоёр өдөр эрэгтэй 61 кг-д Т.Түвшинтулга, 74 кг-д Г.Мандахнаран, 86 кг-д  О.Үйтүмэн, 125 кг-д Н.Золбоо нар барилдсанаас ОУХМ Т.Түвшинтулга хүрэл медаль хүртэж, энэ жилийн ДАШТ-ий анхны медаль, чөлөөт бөхийн 31 дэх хүрэл медалийг эх орондоо авчирлаа.

Тэрээр шигшээ 16-д залуучуудын Азийн аварга Кыргызстаны Улукбек Жолдошбековыг 8:6 ялж, шигшээ наймд ДАШТ-ий мөнгөн медальт, Европын хошой аварга Оросын Гажимурад Рашидовд 1:2-оор ялагдсан байна.

Улмаар Оросын бөх шигшээд шалгарснаар дагах барилдаан хийж Энэтхэгийн Сонба Гонганег 7:0-ээр, хүрэл медалийн төлөөх барилдаанд Гүржийн Бека Ломтадзег 6:3-аар ялж нэрээ дэлхийд дансаллаа.

Харин эхний өдрүүдэд барилдсан манай улсын дөрвөн тамирчин шигшээ наймд ялагдал хүлээснээр ДАШТ-ийг өндөрлүүллээ. Харин өнөөдөр эрэгтэй, эмэгтэй жинд манай дөрвөн бөх барилдаан хийнэ.

Даваа гараг

  • Эрэгтэй, 70 кг-д Б.Бямбадорж, 97 кг, Ө.Батзул
  • Эмэгтэй, 55 кг-д Э.Даваачимэг, 59 кг-д Б.Шоовдор

Мягмар гараг:

  • Эмэгтэй, 65 кг-д Х.Болортуяа, 68 кг-д С.Батцэцэг, 72 кг-д О.Насанбурмаа, 76 кг Г.Наранчимэг

Лхагва гараг:

  • Эмэгтэй, 50 кг-д Э.Нарангэрэл, -53 кг-д Э.Сумъяа, 57 кг-д А.Батцэцэг, 62 кг-д Э.Гантуяа

Дашрамд дурдахад, энэ жилээс эхлэн ДАШТ-ий нэг жингийн барилдаан хоёр өдөр үргэлжлэх юм.