Энэ оны чөлөөт бөхийн ДАШТ Унгарын нийслэл Будапешт хотноо маргааш эхэлнэ. Манай улсаас эрэгтэй эмэгтэй төрөлд нийт 20 тамирчин оролцохоор тус хотыг зориод байна.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос эрэгтэй эмэгтэй жин тус бүрд хэсгээ толгойлох эхний дөрвөн бөхийн нэрсийг зарлалаа. Ингэхдээ олон улсын томоохон уралдаан тэмцээнд оролцож оноо цуглуулсан байдал чансаагаар нь эрэмбэлсэн бөгөөд манай улсаас 55 кг-д ОУХМ Э.Даваачимэг, 59 кг-д ОУХМ Б.Шоовдор хэсгээ тэргүүлэн барилдах юм.

Харин эрэгтэй тамирчдаас нэг ч тамирчин дэлхийн чансааны Топ-4-т багтаагүй байна.

Дашрамд дурдахад энэ удаагийн ДАШТ эрэгтэйчүүдийн 49, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн тэмцээн бөгөөд Манай тамирчдаас гавьяат тамирчин О.Насанбурмаа хамгийн олон удаа буюу 10 дахь удаагаа дэлхийн аваргад оролцож байгаа гэнэ.

Мөн өнгөрсөн оны дэлхийн аварга П.Орхон допингийн асуудлаас үүдэн энэ удаагийн дэлхийн аваргыг өнжиж, түүний оронд 65 кг-д Х.Болортуяа анх удаа ДАШТ-т зодоглох бол энэ жинд байсан дэлхийн аварга С.Батцэцэг жин өгсөж 68 кг-д барилдахаар болжээ.