Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос энэ оноос эхлэн сонгомол барилдаан, чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр дөрвөн өөр тэмцээнээр дэлхийн чансааны оноо олгож эхэлсэн юм.

Тэгвэл Дэлхийн нэгдсэн бөхийн холбооны энэ сарын 24-ий хурлаар чансаа олгох тэмцээний шинэ журмыг баталлаа. Тухайлбал, 2019 оны чөлөөт бөхийн дэлхийн чансаа олгох эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэмцээнийг хамтатгах шийдвэр гаргажээ.

Ингэснээр чөлөөтийнхөнд нэгдүгээр сард зохиогддог Иван Ярыгины алтан гранпри, хоёрдугаар сард болдог Дан Коловын нэрэмжит олон улсын тэмцээн, тавдугаар сард болдог Сассаригийн олон улсын тэмцээн, долдугаар сард болдог Яшар Догугийн нэрэмжит олон улсын тэмцээнээр тус тус дэлхийн чансааны оноо олгохоор болжээ.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд нэг улсаас нэг жинд гурав тамирчин оролцуулах журамтай. Чансаа олгох тэмцээнд түрүүлсэн бөх найман оноо, дэд байр зургаан оноо, гуравдугаар байр дөрвөн оноо, харин тавдугаар байр хоёр оноо цуглуулахаас гадна оролцогчдын тоог харгалзан үзэж оноо нэмж олгодог байна.

Дашрамд дурдахад, Монголын чөлөөт бөхийн холбооноос ирэх оны УАШТ-ийг зургадугаар сард зохиохоор болж, үүнд түрүүлсэн тамирчнийг шууд Токио-2020 зуны олимп, Астанагийн ДАШТ-д оролцуулахаар болжээ.