Чөлөөт бөхийн 2019 оны эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн гуравдугаар сарын 16-17-нд Оросын Якутад болно.

Дэлхийн цомын 46 дахь удаагийн тэмцээнд шилдэг найман улсын шигшээ баг хүч үзэх бөгөөд үүнд Орос, Япон, Куб, Турк, Монгол, Гүрж, Америк, Иран улсын шилдэг тамирчдын баг бүрэлдэхүүн багтжээ.

Манай улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд:

  • 57 кг-ын жинд ОУХМ Т.Түвшинтулга,
  • 61 кг-д ОУХМ Г.Отгонбаатар,
  • 65 кг-д ОУХМ Б.Батмагнай,
  • 70 кг-д МУГТ Г.Мандахнаран,
  • 74 кг-д ОУХМ Б.Бямбадорж,
  • 79 кг-д МУГТ П.Өнөрбат,
  • 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн,
  • 92 кг-д ОУХМ Б.Өлзийсайхан,
  • 97 кг-д ОУХМ Ө.Батзул, ОУХМ Л.Төртогтох,
  • 125 кг-д ОУХМ Д.Хүдэрбулга нар хүч үзэх юм.

Түүнчлэн Монголын шигшээ баг Дэлхийн цомын 14 удаагийн аварга Америк, найман түрүүтэй Иран, Гүржийн шигшээ багтай В хэсэгт багтсан байна. Харин А хэсэгт Дэлхийн цомын хамгийн олон түрүүтэй Орос, Куба, Япон, Туркийн шигшээ баг учраа таарчээ.

Манай улсын тамирчид Дэлхийн цомд 11 дэх удаагаа оролцох гэж байгаа бөгөөд 1975-1981 оны хооронд хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байжээ.

Мөн дэлхийн цомоос өмнө ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын анхны олимпын аварга Роман Дмитриевийн 70 насны ойд зориулсан чөлөөт бөхийн залуучуудын олон улсын тэмцээн энэ сарын 8-10-нд Оросын Саха хотод болох юм.

Энэхүү тэмцээнд 1999-2001 онд төрсөн тамирчид оролцох бөгөөд манай улсаас 10 тамирчин зодоглохоор болжээ.