Энэ оны чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн Оросын Якутын Триумф спорт цогцолборт өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.

Уг дэлхийн цом нь энэ жил 46 дахь удаагаа зохиогдож байгаа бөгөөд Орос, Америк, Иран, Монгол, Япон, Гүрж, Куба, Турк гэсэн найман улсын шигшээ баг өрсөлдсөн байна. Шигшээ баг бүрт жин тус бүрийн шилдэг 10 бөхчүүд оролцсон ба манайхаас МУГТ Г.Мандахнаран, ОУХМ О.Үйтүмэн, Т.Түвшинтулга тэргүүтэй бөхчүүд зодоглосон юм.

Монголын баг тамирчид В хэсэгт багтан Иран улсын багтай эхний оноолт таарч 1:9-өөр, Америкт 2:8-аар ялагдаж, Гүржийг 5:5-аар ялснаар хэсгээсээ гуравдугаар байраар шалгарчээ. Улмаар тавдугаар байрын төлөө Кубын шигшээ багтай барилдаж ялагдсанаар зургадугаар байр эзэллээ.

Дашрамд дурдахад, манай улс чөлөөтийн Дэлхийн цомд 11 дэх жилдээ оролцож байгаа бөгөөд энэ тэмцээнээс нийт хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ.

Зураг: Фэйсбүүк