Чөлөөт бөхийн А зэрэглэлийн тэмцээн болох Польшийн нээлттэй тэмцээн энэ сарын 2-4-нд Варшав хотод боллоо.

Жил бүр уламжлал болгон зохиогддог уг тэмцээнд манай улсаас чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 тамирчин зодоглож, хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл нийт таван медаль хүртсэн амжилт үзүүллээ.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 68 кг-д хөдөлмөрийн баатар МУГТ С.Батцэцэг, 65 кг-д ОУХМ Х.Болортуяа нар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ. С.Батцэцэг эзэн орны Агнешка Вейшчек, Украины Алина Бережна, Оросын Анастасья Братчикова, Канадын Даниэле Лаппагег ялж таван жилийн дараа Варшавын дэвжээнд түрүүлэн тус тэмцээний хошой аварга болсон юм.

Харин ОУХМ Х.Болортуяа тус тэмцээнд анх удаа зодоглосон ба 65 кг-д Унгарын Ноеми Шабадос, Габриэла Шлейз, Испанийн Нереа Пампин, Оросын Наталья Федосеева, Украины Ирина Кольяденко нарыг ялж аваргалжээ.

Түүнчлэн эрэгтэйчүүдийн 61 кг-д Будапешт-2018 ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга мөнгө, 74 кг-д ОУХМ Б.Бямбадорж, эмэгтэйчүүдийн 59 кг-д ОУХМ А.Батцэцэг хүрэл медалийн эзэн болсон байна. Польшийн нээлттэй тэмцээнд манай эмэгтэй бөхчүүд багийн дүнгээр гуравдугаар байр эзэлжээ.

Дашрамд дурдахад, Чөлөөт бөхийн тамирчдын хувьд олимпийн эрх олгох хамгийн гол тэмцээн буюу насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сарын 14-22-нд Казахстаны Нурсултан хотод болох юм.Mongolian Wrestling Federation-н зураг.