Мадридын шүүх Ювентус клубын тоглогч Кристиано Роналдод татвараас зайлсхийсэн хэргээр 23 сарын хорих ял, 18.8 сая еврогийн торгууль ногдууллаа. Гэвч Испанид хоёр жилээс бага хугацааны хорих ялыг биеэр гүйцэтгэх шаардлагагүй байдаг учир Роналдо тэнсэн харгалзах ял авч магадгүй гэнэ.

Дэлхийн шилдэг тоглогчдын нэг Кристиано Роналдо 2010-2014 онд Испаний Реал Мадрид клубт тоглож байхдаа 5,7 сая еврогийн татвараас зайлсхийсэн байна. Прокурорын хэлснээр тэрээр гадаадын татвар багатай компаниудад хөрөнгөө байршуулж байсан гэнэ.

Роналдогийн жилийн орлого 108 сая доллар бөгөөд тэрээр энэ жил дэлхийн хамгийн чинээлэг тамирчдын жагсаалтын гуравт бичигдсэн юм. Тэрээр мөн 2009 онд Лас Вегаст хүчингийн хэрэг үйлдсэн гэх асуудлаар шалгагдаж байгаа ба өөрийгөө буруугүй гэж мэдэгдээд байна.

Роналдогоос гадна Испаний хөлбөмбөгчин асан Шаби Алонсо хоёр сая орчим еврогийн татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдсон бөгөөд шүүхээс тав хүртлэх жилийн хорих ял сонсож магадгүй байгаа гэнэ. Гэхдээ тэрээр өөрийгөө буруугүй гээд хэргээ хүлээх бодолгүй байгаагаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC, Telegraph