Олон улсын сансрын станцад ажиллаж байсан Оросын Союз МС-13 сансрын хөлөг Казахстанд Пүрэв гарагт орон нутгийн цагаар 09:12 минутад газарджээ. 

Хөлөгт НАСА-гийн нисгэгч Кристина Кох, Европын сансрын агентлагийн Лука Пармитано, Оросын сансрын агентлагийн Александер Скворцов нисэж байсан юм.

Ийнхүү Кристина Кох сансарт хамгийн олон хоног ажилласан эмэгтэй болсон ба 328 хоногийг сансарт өнгөрүүлжээ. Тэрээр сансарт байх хугацаандаа зургаан удаа задгай сансарт гарсан байна. 

Кох аяллынхаа туршид нийт 210 шинжлэх ухааны судалгаанд оролцсон бөгөөд ихэнх нь эмэгтэй хүний биед жингүй байдал, радиац, тусгаарлалт болон олон хоног сансарт байснаас үүсэх стрессийн нөлөөнд хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар байжээ. 

Түүний оролцсон судалгаанууд хүн төрөлхтөн Ангараг болон сар руу нүүх төлөвлөгөөнд маш том түлхэц болох гэнэ. 

Эх сурвалж: Nasa, ScienceAlert

А.Санжаанамсан