Чөлөөт бөхийн ДАШТ Казахстаны нийслэл Нурсултан хотод зохиогдож байна. Одоогийн байдлаар манай улс хоёр хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 59 кг-д ОУХМ Б.Шоовдор, 55 кг-д хүч үзсэн ОУХМ Б.Болортуяа нар хүрэл медаль хүртжээ. 

Б.Шоовдорын хувьд чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ээс хоёр болон түүнээс дээш медаль хүртсэн 17 дахь тамирчин болж байна. Тэрээр шөвгийн 16-д Румыний Катерина Жидачевскаг 4:0-ээр, шөвгийн наймд Германы Сандра Парусжевскиг 6:2-оор ялсан ч хагас шигшээд Канадын Линда Мораист 1:3-аар ялагдсан байна. 

Харин Б.Болортуяа дэлхийн дэвжээнд анх удаа зодоглож хүрэл медаль хүртсэн ба шөвгийн 16-д Энэтхэгийн Лалитаг 10:3-аар ялсан ч шөвгийн наймд Америкийн Жакарра Винчестертэй барилдаж 2:13-аар ялагджээ. Ийнхүү Туркийн Бедиха Гунтай дагах барилдаан хийж, 12:9-өөр ялснаар хүрэл медаль хүртсэн байна.