Сити молл хотхоны барилгад хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс осол гарч иргэн Д амиа алдлаа.

Уг явдал өчигдрийн 11:10 цагт болсон ба хохирогч 17 настай Д нь Ти Жи К компаний  цахилгаанчны туслах ажилтан байжээ. Тэрээр вагончигаас цаасны хутганы запас авахаар явахдаа 11 давхрын хамгаалалтгүй лифтний хонгил руу унаж нас барсан байна.

Одоогоор ослын шалтгааныг тодруулахаар ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Шалгалтаар барилгын дотор лифтний хонгил, агааржуулалтын хоолойн нүх сувагт хаалт хамгаалалт, хашлага хийгдээгүй ба хамгаалалтын байгууламжийг хар панериар түр хадаж тогтоосон нь илэрчээ. 

Мөн аюулгүйн шаардлага хангахгүй, ажлын байрны эмх цэгцгүй байдал, гэрэлтүүлэггүй, дохио, санамж тэмдэг тэмдэглэгээ байрлуулаагүй, аюулгүй ажиллах зааварчилгаа өгсөн эсэх нь тодорхойгүй байжээ.

Тайм констракшн компаний захиалгаар Титан таур констракшн, Ти Жи К компаниуд Удирдлагын академийн хойд талд Сити молл цогцолборыг барьж байгаа ба НМХГ-аас тус компаниудад барилгын ажлын аюулгүй байдлыг хангуулах тухай мэдэгдэл зөвлөмжийг тавдугаар сард өгсөн байна.

Мөн зургаадугаар сарын 17-нд Тайм констракшн компанид шалгалт хийж дотоод хяналтын журам тогтоож мөрдүүлээгүй зөрчилд хэрэг үүсгэн торгуулийн арга хэмжээ авч, хугацаатай үүрэг өгчээ.

Сүүлийн жилүүдэд барилгын салбарын хөдөлмөр аюулгүй байдлыг хангаагүй зөрчил ихэссэн ба өнгөрсөн онд гарсан үйлдвэрийн осол гэмтлийн 40 гаруй хувь нь барилгын салбарт гарсан байна. 

Жишээлбэл, өнгөрсөн онд үйлдвэрийн ослын улмаас Хүннү хорооллын Хурд группийн барилгын туслах ажилтан 17 настай У гэгч нас барсан юм.