Өнгөрсөн сарын гурванд Герман улсын Дрезден хотын шалган нэвтрүүлэхээр манай улсын дипломат паспорттай ажилтан 70 кг героин төрлийн мансууруулах бодисыг консулын газрын машинаар хил нэвтрүүлэхийг завдсан юм.

Энэхүү машинд Монголын Истанбул дахь Ерөнхий консулын газрын нэг дипломат ажилтан жолоочийн хамт явж байсан бөгөөд тус улсын хууль хяналтын байгууллагаас дээрх иргэдийг саатуулан шалгаж байна.

Мөн манай улсаас энэ хэрэгтэй холбоотойгоор дипломат сувгаар мэдээлэл солилцон ТЕГ-аас энэ хэрэгт өөр хүмүүс холбогдсон эсэхийг гадны байгууллагатай хамтран шалгаж эхэлжээ.

Одоогоор хэрэг шалгагдаж буй учир дээрх хүмүүсийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй гэдгийг ГХЯ-ны консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэллээ. Гэхдээ дээрх хүмүүс нь консулын газарт жил гаруй хугацаанд ажилласан нэг нь өмнө нь Оросод консулын газар ажиллаж байсан гэнэ.

Уг хэргийг Герман улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх бөгөөд харин манай талаас ЭСЯ-р дамжуулан конвенцын дагуу өмгөөллийн ажил явуулж байна.

Түүнчлэн өмнө нь хар тамхитай холбоотой ноцтой хэрэг консулын ажилтнууд дунд гарч байгаагүй ба тамхины хууль бус наймаа эрхэлсэн гэх мэдээлэл гарсан юм. Энэ дагуу нэгдүгээр сараас эхлэн ТЕГ-аас Европын хууль хүчний байгууллагатай хамтран ажиллаж эхэлжээ.

Сануулахад, өнгөрсөн дөрөвдүгээр сард Засгийн газраас тогтоол гарган Истанбул дахь ерөнхий консул Э.Мөнх-Очирыг эргүүлэн татсан бөгөөд одоогоор орны хүнийг нь томилоогүй байгаа юм.

Өнөөдрийн байдлаар хилийн чанадад манай улсын 176 иргэн ял эдэлж байгаа ба өнгөрсөн онд хар тамхины хэрэгт 53 иргэн холбогдон гадны улсад ял авчээ.