Коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо нэг өдрийн дотор 29 хувиар нэмэгдэж 170 болсон ба 7711 хүн өвчлөөд байна. Мөн Финландад коронавирусийн анхны тохиолдол илэрсэн бол Сингапурт 10, Францад тав дахь тохиолдол бүртгэгдлээ.

Үүнээс үүдэн ДЭМБ бүх улсуудыг бэлэн байдалд байхыг анхааруулсан ба орон нутгийн цагаар Пүрэв гарагт шуурхай хуралдаан хийх юм. 

Их Британи, Өмнөд Солонгос өнөөдөр иргэдээ Ухань хотоос авчрах байсан ч хойшилсон байна. Улмаар тэд Хятадын засгийн газартай хэлэлцэж иргэдээ өнөө оройны дотор буцааж авах гэнэ. 

Түүнчлэн өчигдөр Старбаксын сүлжээ кофе шопууд Хятад дахь 2000 салбараа хаасан бол өнөөдөр Икеа дэлгүүр 15 салбар, Гүүгл компани дөрвөн салбараа хааж коронавирусээс сэргийлэх арга хэмжээ авлаа. 

Үүнээс гадна Америк, Австрали, Нидерланд зэрэг улсын томоохон нисэх компаниуд Хятад руу үйлдэх нислэгээ хэсэгчлэн болон бүхэлд нь зогсоогоод байна. 

Эх сурвалж: CNN, The guardian