ХУД-ийн дөрөвдүгээр хороо, Гарден сити-2 хотхоны барилгын ажилд ашиглахаар угсарсан цамхагт краны бэхэлгээний боолтууд тасарч, оройн хэсэг хөмөрч босоо секцийг мөргөсний улмаас нэг ажилтан унаж, гэмтжээ. Уг ажилтны талаар тодорхой мэдээлэл байхгүй байна.

Энэ дагуу НМХГ-аас шалгалт явуулж хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй, технологийн горим, ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийг мөрдөөгүй, краны өөрчлөлт, засварын ажлыг мэргэжлийн байгууллага буюу үйлдвэрлэгч байгууллагын боловсруулсан зураг төсөл, техникийн нөхцөлийн дагуу хийж гүйцэтгээгүй зэрэг зөрчлийг илрүүллээ.

Иймд захиалагч Мэжик инвест компани, гүйцэтгэгчээр ажиллаж байсан Конкрет харш компани, кран угсрагсан Ди Ди Эн ХХК компанид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Сануулбал, өнгөрсөн сарын 21-нд Сити молл цогцолбор барилгын 11 давхрын хамгаалалтгүй лифтний хонгил руу 17 настай иргэн унаж амиа алдсан юм. Сүүлийн жилүүдэд барилгын салбарын хөдөлмөр аюулгүй байдлыг хангаагүй зөрчил ихэссэн ба өнгөрсөн онд гарсан үйлдвэрийн осол гэмтлийн 40 гаруй хувь нь барилгын салбарт гарчээ.