Солонгос, Америкийн сүлжээ дэлгүүрүүд болох CU, Сиркл K нь 2018 оноос хойш нийслэлд 73 салбараа нээгээд байна. Энэ нь хэрэглэгчдэд өргөн сонголт олгож буй давуу талтай ч асар их хэмжээний валютыг гадагш алдаж байгаа юм.

Сонирхолтой тоо баримт дурдахад CU, Сиркл K дэлгүүрүүд эхний есөн сарын байдлаар 65 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, Татварын ерөнхий газарт нийт 669 сая төгрөгийн татвар төлсөн байна.

Энэ хэмжээний татвар төлж байгаа нь хэдэн зуун сая, тэрбум төгрөг Монголчуудын халааснаас гарч, гадны компани руу урсаж байна гэсэн үг. Уг нь энэ мөнгийг дотооддоо эргэлдүүлэх боломжтой ч хүнсний дэлгүүр, ТҮЦ нь зай талбай бага, карт уншдаггүй, НӨАТ олгодоггүй, сонголт бага, бохир орчинтой гээд асуудал их байна. 

Дотоодын ААН-үүд нь ийм байхад том шилэн цонхтой тохилог орчин, найрсаг харилцаа, үнэгүй интернет, 24 цаг үүд хаалга нь нээлттэй үйлчилгээ нийслэлчүүдэд таалагдах нь мэдээж.

CU, Сиркл K нээгдэхтэй зэрэгцэн дотоодын сүлжээ дэлгүүр болох Экоэкспресс 11 салбараа нээсэн ч хэрэглэгчдийн дунд хараахан танигдаагүй байна. Олонд танигдаагүй шалтгаан нь ердөө л үйлчилгээ, орчин нөхцөл юм. 

Тодруулбал, CU, Сиркл K 24 цагаар ажиллаж байхад Экоэкспресс 09:00-22:30 цаг хүртэл ажилладаг. Мөн зөвхөн карт, бэлэн мөнгөөр л үйлчилж байгаа нь үйлчлүүлэгчид замын хойно болон зүүн талд байрлах CU, Сиркл K-г зорих шалтгаан болж байна. 

Үүнээс гадна Экоэкспресст худалдаалж буй бараа бүтээгдэхүүн нь CU, Сиркл К дэлгүүрээс ялгарах зүйлгүй, үнийн хувьд ч ойролцоо байгаа юм. Гэвч Ecoexpress-р хоёрхон хүн үйлчлүүлж байхад CU, Circle K дэлгүүрт хүмүүс бараагаа бичүүлэх гэж дугаарлаж байв.

Тиймээс бид гадны жишээг муулахаасаа өмнө үйлчилгээ, орчин нөхцөлөө сайжруулж, цаашид өөрийн гэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох шаардлагатай байна. Сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлж буй залуусын дийлэнх нь гоймон, хотдог, газтай ундаа зэрэг түргэн хоолыг хамгийн их худалдан авдаг. 

Гэтэл түргэн хоол, бэлэн бүтээгдэхүүн нь ходоод, элэг цөсний өвчлөлийг нэмэгдүүлдэг. Иймд гадны сүлжээ дэлгүүртэй өрсөлдөхүйц үйлдвэрлэлийг бий болгон, гоймон, газтай ундааг орлох нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгцээ байна. 

Хэрэв дотоодын ААН-үүд CU, Circle K-тэй ижил үйлчилгээг иргэдэд санал болгож чадвал гадагшаа урсаж буй хэдэн зуун сая төгрөгийг дотоодод эргэлдүүлэх боломжтой. Бид шүүмжилж суухад тэд тооцоолоогүй том ашгийг Монголын зах зээлээс олсоор л байна...