Монголоос Чех улсад суугаа ЭСЯ, кино сонирхогч иргэдтэй хамтран Прага хотын Пилот кино театрын дэлгэцнээ энэ сарын 24-27-нд Монголын кино фестиваль арга хэмжээг зохион байгуулж байна.

Чех улсад анх удаа зохион байгуулагдаж буй тус арга хэмжээний үеэр Аман хуур, Гарын таван хуруу, Мартагдашгүй намар зэрэг уран сайхны киног олныг хүртээл болгох юм. Мөн Бусаны олон улсын кино наадмын шилдэг бүтээл болох найруулагч С.Бямбын Алсын удирдлага, Хүсэл шунал зэрэг 1963-2015 онд хийгдсэн найман төрлийн уран сайхны болон баримтат киног чех хадмал орчуулгатайгаар нийтийн хүртээл болгоно.

Монголын кино урлагийн олон янзын төрөл, жанрын бүтээлүүдээс Чехийн үзэгчид манай улсын түүх, соёл, нийгэм, ахуй амьдралын талаар таньж мэдэхийн зэрэгцээ 1990 оноос өмнөх болон дараа үеийн Монголын кино бүтээлүүдийг харьцуулан судлах боломжтой гэж зохион байгуулагчид үзжээ. Энэхүү кино фестивалийг зохион байгуулахад Юнивишн, Гуру медиа зэрэг байгууллагууд дэмжлэг үзүүлсэн байна.

Сануулбал, өнгөрсөн онд Монгол найруулагчийн бүтээл Нүүдлийн эмч баримтат кино Олон улсын оюутны кино наадмаас Оскарын шагнал хүртжээ. Энэхүү кинонд Монгол эмчийн ур чадварыг, нүүдэлчдийн ахуй соёлтой холбон харуулсан тухай өгүүлдэг байна.