Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга “сахал” Д.Эрдэнэбилэгийг СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн сарын 29-нд 30 хоногийн хугацаатай цагдан хорьсон юм.

Харин цагдан хоригдож буй Д.Эрдэнэбилэгийн эрүүл мэндийн шалтгаанаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг түүний өмгөөлөгч гаргажээ. Уг хүсэлтийг шүүх хэлэлцэж, өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзлаа.

Д.Эрдэнэбилэгийг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авахдаа их хэмжээний мөнгө угаасан, хууль тогтоомж зөрчсөн зэрэг асуудлаар шалгаж, цагдан хориод байгаа юм.

Мөн ирэх долоо хоногоос эхлэн Эрдэнэтийн 49 хувь тэргүүтэй томоохон хэргүүд шүүхэд шилжинэ гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдээд байна.