УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох шүүх хурал өчигдөр 13.30 цагт БЗД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх хэргийг хэлэлцэж Д.Гантулгад холбогдох хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргалаа.  

Тодруулбал, нотлох баримт цуглуулахад хууль зөрчигдсөн, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн зэрэг нь өмгөөлөгчийн гаргасан хүсэлт баримтаас үзэхэд үндэслэлтэй байжээ. Гэвч уг асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул асуудлыг дахин шалгуулахаар прокурорт буцаасан байна.

Сануулбал, УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох шүүх хурал хоёр ч удаа хойшлогдсон юм. Эхний удаад хохирогч Н эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулсан бол дараа нь Д.Гантулгын өмгөөлөгч хүндэтгэх шалтгаантайгаар шүүх хуралд ирээгүй юм.

Д.Гантулга нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1-т зааснаар шийтгэгдэх ба шүүхээр буруутай нь тогтоогдвол 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял авна.

Тэрээр өнгөрсөн оны зургадугаар сард Н гэх бүсгүйг гэрт хүчирхийлсэн хэрэгт холбогдоод байгаа юм.

Шүүхийн шийдвэр,

БЗД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.

Учир нь урьдчилсан хэлэлцүүлгийн явцад өмгөөлөгч нарын хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэнэ гэснээр:  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13 “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар”, 6.14 “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн” талаарх урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүд хэрэгт авагдсан баримтаар үндэстэй байх тул дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэх асуудал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул дээрх ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан.