УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн Баасан гарагт болжээ.

Урьдчилсан хэлэлцүүлэг долоог цаг үргэлжилсэн ба нийслэлийн прокурор Н.Амарсанаа, яллагдагч Д.Гантулга, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, хохирогч “Н”-ын өмгөөлөгч Э.Хашчулуун нар оролцсон байна.

Прокуророос Д.Гантулгыг эрүүгийн хуулийн дагуу хүн хүчирхийлсэн хэргээр яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгээр түүнийг шүүхэд шилжүүлж, холбогдох шүүх хуралдааныг энэ сарын 17-ны 10.00 цагт хаалттай явуулахаар боллоо.

Эрүүгийн хуульд хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол 1-5 жил хүртэлх хугацаагаар шийтгэх заалттай байна.

Сануулахад, тэрээр өнгөрсөн онд “Н” гэх эмэгтэйг гэрт нь хүчирхийлсэн хэрэгт холбогдсон юм. Улмаар энэ оны зургадугаар сарын 11-нд өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, энэхүү хэргийнхээ үнэн худлыг тогтоолгоно гэсэн юм.