Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, бригадын генерал Д.Ганзоригт хошууч генерал цол олголоо. Цол олгох ёслол Дорноговь аймгийн Зүүнбаян суманд болж, төмөр замын бүтээн байгуулалтад оролцож буй цэргийн байгууллагын ажилтан, алба хаагчид оролцсон байна.

Д.Ганзориг нь 1995 оноос Зэвсэгт хүчний салбарт ажиллаж байгаа бөгөөд энэ сарын дөрвөнд Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар томилогдсон юм.

Цэргийн цол олгох эрх бүхий албан тушаалтан цэргийн албан хаагчид цэргийн цол олгохдоо албан тушаалын цолны зэрэглэл, боловсрол, мэргэжилдээ дадлагажсан байдал, ажлын үзүүлэлт, хоёр цолны зэрэглэлийн дараагийн цолыг олгох бол тухайн албан тушаалд тэнцэж буй эсэх, офицерийн ёс зүй зэрэг шалгуурыг багтаасан тодорхойлолтыг үндэслэнэ. Анх 1944 онд генерал цолыг олгох шийдвэр гаргаж 11 хүн анхны генерал цолыг хүртжээ.