УИХ-ын гишүүн Д.Мурат, сэтгүүлч Д.Майцэцэг нарт холбогдох шүүх хурал БЗД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр товлогдсон ч дахин хойшиллоо.

Тодруулбал, Д.Майцэцэг болон түүний өмгөөлөгч нарын зүгээс шүүгч болон улсын прокурорыг хэт нэг талыг барьсан хэмээн үзэж татгалзах хүсэлт гаргажээ.

Иймд ерөнхий шүүгч уг асуудлыг шийдвэрлэтэл шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна. Шүүх хуралд Д.Майцэцэг, түүний өмгөөлөгч болон, хохирогчийн өмгөөлөгч гэрч нар оролцжээ.

“Өмнөх урьдчилсан хэлэлцүүлэгт прокуророос гэрч хохирогчдыг оролцуулах санал гаргасан ч энэ удаад хохирогч ирээгүй, гэрч ирсэн. Гэвч прокуророос гэрчийг мэдүүлэг гаргалаа гэх зэрэг шалтгаанаар оролцуулахгүй байх шийдвэр гаргасан. Мөн өмгөөлөгчийн үг дуугарах эрхийг хязгаарлах байдалтай үргэлжилсэн учир татгалзах санал гаргасан” гэж Д.Майцэцэг ярилаа.

Түүнийг шүүхээс мэдээллийг хууль бусаар олж авсан, хувь хүний нууцад халдсан гэсэн зүйл ангиар хоёр сарын өмнө яллагдагчаар татсан юм. Улмаар мэдээллийг хууль бусаар олж аваагүй гэдэг нь тогтоогдож энэ зүйл анги хүчингүй болсон юм.  

Сануулахад, УИХ-ын гишүүн Д.Мурат, Б.Бахытгүл гэх эмэгтэй рүү өөрийн хувийн чатаар садар самуун зургаа явуулж, дарамталсан талаарх мэдээлэл өнгөрсөн оны есөн сараас цацагдаж эхэлсэн юм.

Энэхүү мэдээллийг тэрээр олон нийтэд тараасан хэрэгт дээрх зүйл ангиар буруутгагдаж байгаа юм.