УУХҮЯ-ны сайд Д.Сумъяабазар Энэтхэгийн Шинэ Дели хотноо энэ сарын 10-12-нд зохиогдож буй Петротек газрын тос байгалийн хийн олон улсын чуулга уулзалтад оролцож байна.

Энэ үеэр тэрээр тус улсын ерөнхий сайд Нарендра Модид бараалхаж, ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Энэтхэгийн хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй нефтийн үйлдвэрийн төслийн хэрэгжилт, төлөвлөсөн ажлуудыг танилцуулжээ.

Мөн хоёр улсын хооронд байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу нефтийн үйлдвэр барих төслийн менежментийн зөвлөхийг сонгох тендерийг Энэтхэгийн Эксим банкнаас урьдчилсан сонгон шалгаруулалт явуулж шалгаруулсан байна.

Д.Сумъяабазар сайд тус банкны төлөөлөлтэй уулзаж дээрх сонгон шалгаруулалтад шалгарсан Инженерс Индиа Лимитэд компани манай улсад төлөөлөгчийн газраа нээн ажиллуулах болсноос гадна Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.

Зураг: УУХҮЯ

Мөн уулзалтын хүрээнд Энэтхэгийн газрын тосны компаниуд болон Технологийн их сургуулийн уул уурхайн сургуулийн удирдлагуудтай уулзаж, Монголын оюутан суралцагчдыг энэ чиглэлээр сургах асуудлаар санал солилцсон байна.

Петротек-2019 олон улсын хуралд газрын тос, байгалийн хийн хайгуул, олборлолт, боловсруулалт, борлуулалт зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 6000 гаруй ААН, байгууллага, 27 улсын Засгийн газрын гишүүн, сайд нар оролцож, 20 орчим салбар хуралдаан зохион байгуулагджээ.

Сануулахад, манай улсад нефтийн үйлдвэр тавих төсөл зургадугаар сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнгөрсөн оны байдлаар үйлдвэрийн дэд бүтцийн ажил 50 хувь, эрчим хүчний ажил 85 хувьтай явагдаж байна. Уг үйлдвэрийг 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн юм.