Налайх дүүргийн Онцгой байдлын газарт дөрөвдүгээр сарын 20-ний 20:40 цагт ослын дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу осол гарсан уурхайд очиход нуралт үүсэж, дөрвөн иргэн 377 метрийн гүнд дарагдсан байжээ.

Ийнхүү онцгой байдлын 76 алба хаагч аврах ажиллагаа явуулсан ба гурван хүн амиа алдаж, нэг иргэн эмнэлэгт хүргэгдсэн байна.

Гэтэл Мэргэжлийн хяналтын байгууллагаас Налайхад үйл ажиллагаа явуулж байсан бүх уурхайн үйл ажиллагааг гуравдугаар сарын 15-наас зогсоосон байгаа юм. Гэвч Хятад эзэнтэй гэгдэх тус уурхай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулснаас үүдэн ийнхүү манай улсын гурван иргэн амиа алдлаа.

Одоогоор ослын талаар албаныхан мэдээлэл хийгээгүй байна. Энэ нь хөдөлмөрийн аюулгүй байдал, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл зэрэг зохих журмыг зөрчсөнөөс үүдэлтэй анхны осол биш юм.

Тухайлбал, хоёрдугаар сарын 28-нд Төв аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж байсан Эко-Алтан Заамар ХХК-ийн далд уурхайд осол гарч дөрвөн хүн нас барсан юм. Осол уурхайн усан санг буруу байрлуулснаас үүдэлтэй гэх дүгнэлт гарсан ба нурангид дарагдсан уурхайчид 31-53 настай 2-5 хүүхэдтэй хүүхэдтэй байжээ.

Тиймээс хуулийн дагуу амь насаа алдсан уурхайчдын гэр бүлд тэжээгчээ алдсаны тэтгэмж болгон 193 сая 320 мянган төгрөгийн буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэсэн байдаг.