Улсын ерөнхий прокуророос ЖДҮ-г хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт иржээ.

Уг хүсэлтийг хуулийн дагуу 48 цагийн дотор хэлэлцэх ёстой бөгөөд уг асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо хуралдсан ч Г.Солтан гишүүн ирээгүй учир хуралдааныг маргааш хүртэл хойшлууллаа.

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан хэлэхдээ, “Шалгагдаж байгаа хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. УИХ-ын гишүүнийг шалгахад халдашгүй эрх нь мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байгаа" гэлээ.

Үүнийг улс төрийн хүрээний зарим хүмүүс “ЖДҮ-г хөгжүүлэх сангаас 20-иод өндөр албан тушаалтан зээл авсан байхад дөрвөн хүнийг эргүүлэн татах хүсэлт ирүүлсэн нь зөрчилтэй” гэж байгаа юм.

Ямартай ч ЖДҮ-н хөгжүүлэх сантай холбоотой асуудлыг эхнээс нь шийдвэрлэж эхлэв бололтой.

Сонирхуулбал, ЖДҮ-г хөгжүүлэх сангаас Г.Солтаны Монгол шаазан компани 950 сая, Б.Ундармаагийн Доктор МЭИК компани 700 сая төгрөгийн зээл авсан байна.

Харин Л.Энхболд, Д.Дамба-Очир нар хэчнээн төгрөгийн зээл авсан нь тодорхойгүй байгаа ба Д.Дамба-Очир “Миний хувьд зээлийг дэмжиж өгөхийг хүссэн хүсэлт явуулсан. Намайг оруулж ирсэнд гайхаж байна. Энэ бол улс төрийн зорилготой” гэсэн юм.