Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийг хэрэгжүүлж байгаа юм. Уг хөтөлбөрийн нэг хэсэг болох СБД-т байрлах Дамбадаржаа дэд төвийн хэрэгжилттэй ерөнхий сайд У.Хүрэлсүх, хотын дарга С.Амарсайхан нарын албаныхан танилцлаа.

Дамбадаржаа дэд төв нь дээрх төслийн хоёрдугаар шатны төсөл ба нийт 62 га газар нутгийг хамардаг, нийслэлийн хойд бүсийн хүн ам үйлчилдэг, худалдаа соёл үйлчилгээний төвлөрөл бүхий байгаль орчинд ээлтэй ногоон орчинг бүрдүүлсэн байхаар төлөвлөжээ.

Олон улсын судлаачдын дүгнэлтээр нийслэлийн хөрсний бохирдол гүний усаа бохирдуулах хэмжээнд хүрсэн тул яаралтай арга хэмжээ авахыг зөвлөсөн юм.

Тиймээс Дамбадаржаа дэд төвийн ундны цэвэр усны 11.4 км шугамыг хамгийн эхэнд буюу зургадугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Цэвэр усны шугам ашиглалтад орсноор Дамбадаржаа дэд төвийн 62 га нутаг дэвсгэрт байгаа айл өрх, албан байгууллагууд эрүүл аюулгүй цэвэр усаар хангагдах боломжтой болох юм.