Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт зохиогддог Даншиг наадам Хүрээ цам шашин соёлын наадам есдүгээр сарын 6, 7-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохиогдохоор боллоо. 

Наадам хойшилсон шалтгаан тодорхойгүй байгаа ба энэ жилээс  НЗДТГ Даншиг наадмын үйл ажиллагаанд оролцохгүй болсон байна.

Өнгөрсөн жилийн Даншиг наадам Хүй долоон худагт зохиогдсон ба лам нар ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиож, цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг арга хэмжээг зохиожээ. 

Даншиг наадмын хамгийн гол үзүүлбэр нь цам харайх ёслол юм. Цам харайх үеэр Очирваань бурхан болон уран хошин, инээдмийн дүр бүхий цагаан өвгөн, нийслэл хотыг хүрээлэх дөрвөн уулын эзэд болох хангарьд, гахай, нохой, хөх өвгөн тэргүүт дүрүүдэд хувирсан 120 гаруй цамчид гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлж, хортон дайсан, ад зэтгэрийг номхотгон сөнөөж буй хөдөлгөөнийг үзүүлдэг байна.