НИТХ-ын дарга С.Амарсайхан нарын хүмүүс Таван толгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний шинэ үйлдвэртэй танилцлаа.

Тус үйлдвэр нь жилдээ хоёр мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд нүүрсээс хоёр дахин хэмнэлттэй гэж мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Харин хоёрдугаар үйлдвэр нь жилд 200 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай байна.

Энэ талаар Таван толгой түлш ХХК-ийн ахлах зөвлөх Г.Бадамхатан хэлэхдээ, “Өнөөдөр хэрэглэж байгаа Налайх, Багануур, Тавантолгойн нүүрсээс манай үйлдвэрлэж байгаа түлш хоёр дахин хэмнэлттэй, хоёр дахин илчтэй. Дараа жилийн өвөл бид ийм гамшгийн хэмжээнд байхгүй гэдгийг баттай хэлмээр байна” гэлээ.

Эдгээр үйлдвэрийн шахмал түлш нь олон улсын стандартад нийцсэн ба шахмал түлшний тав, утааны дөрөв, зуухны нэг үзүүлэлтийг бүрэн хангасан гэж албаныхан тайлбарлалаа.

Засгийн газрын шийдвэрээр 2019 оноос Улаанбаатарт хэрэглээний зориулалтаар нүүрс оруулахыг хориглосон юм. Тэгвэл үйлдвэрийн зүгээс сайжруулсан шахмал түлш 600-700 мянган тонныг үйлдвэрлэж, 220 мянган гэр хорооллыг бүрэн хангана гэжээ.

Харин зарим иргэд  илч сайтай хэмнэлттэй гэж байгаа бол нөгөө хэсэг нь “том байшинг халааж дийлэхгүй нүүрсээс илүү гарлагатай байна” гэсэн юм.

Сануулбал, Улаанбаатарт байгаа 220 мянган гэр хороолол ганцхан өвөл дунджаар 1.2 сая тонн нүүрс түлдэг байна.