Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн малчин Б-н хоёр үхэрт галзуугийн шинж тэмдэг илэрч, энэ сарын зургааны өдөр мал эмнэлгийн лабораторид шинжлүүлэхэд галзуу өвчин болох нь тогтоогджээ.

Үүний дагуу галзуу өвчнөөр өвчилсөн малыг устгаж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байна. Мөн ХХААХҮЯ-ны сайдын заавраар Орхон сумын онцгой комисс хуралдаж, галзуу өвчин гарсан багийн тодорхой бүсэд хязгаарлалт тогтоожээ.

Түүнчлэн тус аймгийн МХГ-аас малчид, иргэдэд сэрэмжлүүлэг, гарын авлага тараах, малын гаралтай түүхий эд худалдан борлуулж буй ААН, иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх зэрэг арга хэмжээ авчээ.

Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн Зоонозын өвчин судлалын төвтэй хамтарч хүнсний дэлгүүр, хиамны цех зэрэг нийт 67 ААН-ийн малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдээс дээж авч шинжилгээнд явуулсан байна. Түүнчлэн өвчин гарсан бүсэд зорчихгүй байх, малын гаралтай бүтээгдэхүүн худалдан авахдаа баталгаат шинжилгээт газраас авахыг иргэдэд анхааруулж байгаа юм.

Малчид нохой, чоно, хярс, үнэг зэрэг галзуу өвчин тусч болзошгүй амьтад ойртсон эсэхэд тандалт хийж, сэжигтэй тохиолдол илэрсэн үед яаралтай зохих газарт хандахын албаныхан сануулж байна.

Эдгээр амьтад нь галзуу өвчнийг тараагч эх үүсвэр болдог бөгөөд тус өвчин нь амьтнаас хүнд халдаж, мэдрэлийн хэт цочрол болон саажих шинж тэмдгээр илэрдэг “А” зэрэглэлийн ангилалд багтдаг зоонозын хурц халдварт өвчин юм.