Шалгалтаар Дархан-Уул аймгийн төвийн нийт 18 цэцэрлэг, есөн сургуулийн Үдийн цай хөтөлбөрийн худалдан авах үйл ажиллагааг газар дээр нь хянасан байна.

Тус аймгийн цэцэрлэгүүд хүүхдийн хоол, хүнсний материал бэлтгэх, худалдан авахдаа нээлттэй тендер зарлахгүйгээр иргэн, ААН-тэй жилд дунджаар 30-120 сая төгрөгийн худалдан авалтыг шууд гэрээ байгуулж, төрийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчжээ.

Өнгөрсөн онд тус аймгийн 1, 5, 12, 18-р цэцэрлэгүүд тендер зарлахгүйгээр 86 сая гаруй төгрөгийн гэрээ хийсэн байна. Түүнчлэн нэг байгууллага олон цэцэрлэгийн тендерт шалгарсан, зарим цэцэрлэгийн удирдлагууд өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдтэйгээ гэрээ байгуулсэн зөрчил илэрчээ.

Тухайлбал,  Арцат алтайн уулс ХХК 11 цэцэрлэгийн тендерт шалгаран хуурай хүнсний бүтээгдэхүүн, мах нийлүүлэх гэрээ байгуулсан, Таван тойн ХХК таван цэцэрлэгт мах, хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх тендерт шалгарсан зэрэг зөрчилтэй байжээ.

Үүнээс гадна Дархан-Уул аймгийн 18 нэр бүхий цэцэрлэгүүд 2017-2018 онд үйл ажиллагаа явуулахдаа эцэг, эхчүүдээс нийт 132.821.115 төгрөгийн хандив авсан байна. Энэ нь сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрмийг баримтлалгүйгээр нийтийг хамарсан хандив авч хууль зөрчжээ.

Түүнчлэн аймгийн зарим сургуулийн захирал, нягтлан бодогч нар 2018 онд ажлаас чөлөөлөгдсөн, ажил хөдөлмөр эрхлээгүй хүмүүсийн нэр дээр НДШ төлүүлж төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулж байсныг тогтоосон юм.

Энэ мэтээр Дархан-Уул аймгийн боловсролын салбарын төсөв, санхүү, худалдан авалтын ил тод байдал, гүйцэтгэлд тавих хяналт сул байгаа нь ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг үүсэх нөхцөлийг бий болгож байгааг АТГ мэдэгдлээ.

Иймд гарсан зөрчил, дутагдлыг арилгуулж, хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцон, цаашид холбогдох хууль тогтоомжийг баримтлан ажиллах зөвлөмж өгч, тус аймгийг Засаг даргад албан шаардлага хүргүүлжээ.

Дархан-Уул аймгийн цэцэрлэгүүдийн хандив авсан байдал (төгрөгөөр):

Д/д Байгууллагын нэр Нийт авсан хандив Төрийн сангийн дансанд төвлөрүүлсэн байдал Төвлөрүүлж аваагүй хандив Хөрөнгөөр авсан хандив
1 1 дүгээр цэцэрлэг 8,712.900 3,970.000 4,742.900
2 3 дугаар цэцэрлэг 6,980.050 6,321.000 659.050
3 4 дүгээр цэцэрлэг 8,178.125 3,669.060 4,509.065
4 5 дугаар цэцэрлэг 8,076.000 3,943.000 4,33.000
5 6 дугаар цэцэрлэг 4,159.490 4,159.490
6 7 дугаар цэцэрлэг 2,654.000 1,004.000 1,650.000
7 8 дугаар цэцэрлэг 2,032.000 835.000 1,197.000
8 10 дугаар цэцэрлэг 21,417.350 13,200.000 8,217.350
9 11 дүгээр цэцэрлэг 2,945.000 2,945.000
10 12 дугаар цэцэрлэг 5,518.200 3,500.000 1,387.900 630.300
11 13 дугаар цэцэрлэг 11,077.500 10,559.500 518.000
12 15 дугаар цэцэрлэг 20,070.000 20,070.000
13 18 дугаар цэцэрлэг 6,802.750 3,542.000 2,900.750 360.000
14 21 дүгээр цэцэрлэг 3,006.700 1,206.000 1,541.700 259.000
15 22 дугаар цэцэрлэг 12,804.450 2,720.000 10,084.450
16 24 дүгээр цэцэрлэг 8,386.600 235.000 8,151.600
Нийт дүн 132,821.115 73,770.560 47,248.865 11,801.690