Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд энэ онд таван аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох бөгөөд энэ хүрээнд 2559 км замын барих, шинэчлэх ажил хийгдэхээр төлөвлөгджээ.

Үүний нэг нь Улаанбаатар- Дархан- Сэлэнгэ чиглэлийн 200 км замыг Азийн хөгжлийн банкны 83 сая долларын хөнгөлөлттэй зээлээр дөрвөн эгнээтэй болгон шинэчлэх юм. Замын ажил ирэх сард эхлэх бөгөөд үүнтэй холбогдуулан замыг дөрөвдүгээр сарын 20-оос 11 сарын 25 хүртэл хааж, дээрх маршрутын үндсэн чиглэлийн дагуу түр шороон зам гаргахаар болжээ.

Мөн хоёр дахь чиглэл болох Хөвсгөл, Булган, Орхоны замуудыг Булганы Дашинчилэн- Лүн гэсэн чиглэлээр нийслэл рүү нэвтрүүлэхээр болжээ. Үүнтэй холбоотойгоор зарим хот, улс хоорондын тээврийн маршрутад өөрчлөлт гарсан байна.

Тодруулбал, Дархан, Сэлэнгэ чиглэлийн зам дагуу гаргасан түр шороон замаар Дархан, Сэлэнгэ, Улаан-Үүд чиглэлийн зорчигч тээвэр явах гэнэ. Харин түр замын ачааллыг бууруулах үүднээс Эрдэнэт, Булган, Хөвсгөл чиглэлийн нийтийн тээвэр өөр замаар явахаар болжээ.

Тухайлбал, Эрдэнэт явах замыг Булганаар дайруулж 27 км сунгаж байгаа бол Хөвсгөл чиглэлийг Дашинчилэнгээр явуулснаар 90 км богиносжээ. Өөрчлөлт орсон нийтийн тээврийн хуваарь болон зардалд ямар нэгэн өөрчлөлт орохгүй байхаар зохицуулжээ.

Түүнчлэн Улаанбаатар-Дархан, Сэлэнгэ чиглэлд явдаг байсан том оврын ачааны машинуудын тээврийн воганд шилжүүлэхээр болсон бөгөөд дээрх түр зам дагуу гэрээт тээврийн цагдаагийн албан хаагчдыг ажиллуулж, иргэдийн зорчих аюулгүй байдлыг хангуулахаар төлөвлөжээ.

Зураг: Өдрийн Тойм